Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 47 дугаар тогтоолоор Атар-4 тариалангийн тогтвортой хөгжлийн аяныг улсын хэмжээнд 4 жилийн хугацаатайгаар эрчимжүүлэн хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн.
Үүнтэй холбогдуулан Хүнс, Хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам, Ховд аймгийн Засаг Даргын Тамгын Газар, Хүнс хөдөө аж ахуйн газар хамтран 2025 онд төрөөс газар тариалангийн үйлдвэрлэлд авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, 2026 онд газар тариалангийн үйлдвэрлэлд хэрэгжүүлэх арга хэмжээ, улсын болон орон нутгийн хөрөнгө оруулалт, газар тариалангийн хуулийг тариаланчдад танилцуулах, хүнсний аюулгүй байдлыг хангах чиглэлээр төрөөс авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдийн мэдээлэл хүргэх зорилгоор "Баруун бүсийн газар тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчдийн зөвлөгөөн"-ийг өнөөдөр /2026.04.10/ зохион байгуулав.
Зөвлөгөөнд:
Ховд, Увс, Завхан, Говь-алтай, Баян-өлгий аймгийн газар тариалан эрхлэгчид болон холбогдох албаны төлөөллөөс бүрдсэн 300-аад хүн оролцлоо.
Зөвлөгөөнд оролцогчид:
Баруун бүсийн аймгуудын газар тариалангийн хаврын тариалалт, үрийн нөөц бүрдүүлэлт, техник тоног төхөөрөмжийн хангалт болон салбарын өмнө тулгамдаж буй асуудлыг хэлэлцэж ХХААХҮЯ-нд хүргүүлж шийдвэрлүүлэх юм.
Сүүлийн жилүүдэд байгаль, цаг уурын өөрчлөлтөөс тариалалт, ургацын хэмжээ шалтгаалж байгаа. Тиймээс газар тариалангийн салбарыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, усалгааны системийг нэвтрүүлэх, техникжүүлэх, гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэх шаардлага бий.
Тиймээс асуудлаа хамтдаа ярилцаж шийдлийг тодорхойлохоор “Баруун бүсийн газар тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчдийн зөвлөгөөн”-ийг хоёр жилд нэг удаа зохион байгуулахаар төлөвлөсөн байна.