Тоон мэдээ: Малчид, тариаланчдын амжилт


Жил бүр билгийн тооллын хаврын тэргүүн сарын баярын өмнө МУ-ын Засгийн газраас Улсын аварга малчин өрх, Улсын хошой аварга малчин өрх, Улсын аварга саальчин, Улсын аварга фермер, Улсын аварга тариаланч, Улсын аварга тариаланч хамт олныг шалгаруулдаг уламжлалтай билээ.

Мал аж ахуй, газар тариалангийн үйлдвэрлэлд тогтвортой ажиллаж, амжилт бүтээл гаргаж бусдадаа үлгэрлэн, манлайлж байгаа малчид, саальчид, фермер, тариаланчдын салбартаа болон эдийн засагт оруулж буй үр өгөөж жилээс жилд нэмэгдсээр байна.

24.6 сая толгой малыг эдийн засгийн эргэлтэд орууллаа

Мал аж ахуйн салбарт хэрэгжүүлсэн арга хэмжээ болон малчдын уйгагүй хөдөлмөрийн үр дүнд 2020 онд 22.3 сая толгой төл бойжуулснаар нийт мал сүргийн тоо 91 сая толгойд хүрсэн. Үүнээс 2020-2021 онд 24.6 сая толгой малыг эдийн засгийн эргэлтэд оруулсан тухай Үндэсний статистикийн хорооны дүн гараад байна. Ингэснээр 2020 оны жилийн эцсийн мал тооллогоор 67.1 сая толгой мал тоологдлоо.

Мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчдийн тоо өссөөр байна

​Мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгч малчин өрхийн тоо өмнөх оноос 5.5 хувиар өсөж 181 мянгад хүрээд байна. Мал аж ахуйн үйлдвэрлэлд 617.3 мянган хүн ажиллаж байгаа нь нийт хүн амын 19.4 хувийг эзэлж, ажиллах хүчний 26.7 хувийг бүрдүүлж байна. Ийнхүү мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчдийн тоо жил бүр нэмэгдэж улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд оруулж буй хувь нэмэр, зах хязгаар нутгийг ашиглаж, хамгаалахад малчдын оролцоо улам бүр нэмэгдсээр байна.

Өнгөрсөн онд хураан авсан ургацын дүн өссөн үзүүлэлттэй байна

​Төрөөс тариалангийн салбарт хэрэгжүүлж байгаа бодлого, тариаланчдын нөр их хичээл зүтгэлийн үр дүнд 2020 оны ургац хураалтын дүнгээр нийтдээ  428.9  мянган тонн үр тариа хураан авч, гурил үйлдвэрлэлд 238.6 мянган тонн буудай нийлүүлэгдээд байна. Үүнийг өнгөрсөн оны ургацын дүнтэй харьцуулахад үр тариа 4.1 мянган тонноор, төмс 49.7 мянган тонноор, хүнсний ногоо 18.9 мянган тонноор, тэжээлийн ургамал 49.8 мянган тонноор тус тус ахисан үзүүлэлттэй юм.

Эх сурвалж: ХХААХҮЯам
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ