
Энэ онд Ховд аймгийн Цагдаагийн газрын түүхт 100 жилийн ой тохиож байна. Нэгэн зууны түүхтэй тус байгууллага нь өнөөдрийн байдлаар 230 гаруй алба хаагчтайгаар чиг үүргийн дагуу ажиллаж байна. Өнгөрсөн түүхийн хугацаанд тус байгууллага нь нийтдээ таван байранд үйл ажиллагаа явуулж иржээ. Тэгвэл үзэгч таны харж байгаа энэхүү байрыг улсын төсвийн 8.5 тэрбум төгрөгийн өртгөөр хоёр жилийн хугацаанд барьж 100 жилийнхээ босгон дээр бүрэн ашиглалтад хүлээн авлаа.

Шинэ байрны нээлтийн ёслолыг энэ сарын 4-ний өдөр зохион байгуулж бие бүрэлдэхүүн шинэ байрандаа үйл ажиллагаа явуулж эхэллээ. Ингэснээр тус байгууллагын хамт олон стандартын шаардлага хангасан, ая тухтай орчинд ажиллах нөхцөл бүрдэж байна. Мөн иргэдэд төрийн үйлчилгээг илүү шуурхай, хүртээмжтэй хүргэх боломж нээгдэж байгааг онцоллоо.