
Монгол Улсын хилийн боомтын захиргаа, БНХАУ-ын Шинжаан Уйгурын өөртөө засах орны Боомтын захиргааны алба хоорондын хамтын ажиллагааны ажлын хэсгийн хоёрдугаар хурлыг энэ оны есдүгээр сарын 17-ны өдөр Ховд аймагт зохион байгууллаа.

Тус хурлын Монголын талын төлөөлөгчдийг Хилийн боомтын захиргааны дарга Э.Гантулга, Хятадын талын төлөөлөгчдийг БНХАУ-ын ШУӨЗО-ы Боомтын захиргааны албаны намын хорооны дарга Шюн Жөжя нар тус тус тэргүүлэн оролцов.

Энэхүү хурлаас боомтын дэд бүтэц, хил дамнасан тээвэр, худалдааны зохицуулалт, мэдээлэл технологийн шинэчлэл зэрэг олон асуудлаар хэлэлцэн тохиролцов. Тухайлбал:
-Боомтын хяналт шалгалт болон дэд бүтцийн бүтээн байгуулалтыг хамтран бэхжүүлэх чиглэлээр мэдээлэл солилцох зохицуулалтыг бэхжүүлж, боомтын шинэчлэл, өргөтгөл болон гарцын өргөтгөлийн ажлыг хамтран урагшлуулж, хамтын ажиллагааг нэмэгдүүлэхээр боллоо.
-Хил дамнасан гамшгийн эрсдэлийн мэдээллийг сайтар солилцож, болзошгүй гамшгийн эрсдэл, аюулыг шуурхай илрүүлэн хариу арга хэмжээ авч хамтран ажиллахаар тогтов.

-Булган-Такашикэн боомтоор аюултай ачаа болон нефтийн бүтээгдэхүүний хүчин чадлыг нэмэгдүүлэх чиглэлээр идэвхтэй ажиллаж, аюултай ачааны нэвтрүүлэлтийн аюулгүй, үр ашигтай хамтын ажиллагааг бүрдүүлнэ.
-Булган-Такашикэн, Байтаг-Улиастай, Бургастай-Лаоемяо боомтуудыг ижил түвшинд хөгжүүлэх хүрээнд боомтын төлөвлөлтийг уялдуулах ажлыг хамтран хэрэгжүүлэхээр болов.
-Байтаг–Улиастай боомтыг байнгын горимоор ажиллуулах нөхцөлийг бүрдүүлэх хүрээнд боомтыг байнгын найдвартай эрчим хүчээр хангаж, дэд бүтцийг сайжруулах чиглэлээр хамтран ажиллахаар тохирлоо.

-Булган-Такашикэн, Бургастай-Лаоемяо, Даян-Хуншаньзюй боомтоор нэвтрүүлж буй бараа бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлэх, хилийн хяналт шалгалтыг хөнгөвчилж, нэвтрүүлэлтийн үр ашгийг нэмэгдүүлэх чиглэлээр үргэлжлүүлэн ажиллахаар тогтов.

Хоёр талын хамтын ажиллагааны энэхүү хуралдааны эдгээр шийдвэрүүд нь боомтын нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлж, хил дамнасан тээврийн үр ашгийг дээшлүүлэх, худалдаа, логистикийн тогтвортой байдлыг хангах чухал алхам боллоо гэж дүгнэж байна.



