
“Намрын ногоон өдрүүд - Үндэсний үйлдвэрлэл 2026” нэгдсэн арга хэмжээнд нийслэл болон 21 аймгийн нийт 530 гаруй иргэн, аж ахуйн нэгж оролцжээ. Тус арга хэмжээ, үзэсгэлэн худалдаагаар 6 хоногт нийт 2.2 тэрбум төгрөгийн борлуулалт хийсэн байна.
Шилдэг бүтээгдэхүүн, үйлдвэрлэгчдийг шалгаруулах үеэр ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн салбарын үйл ажиллагааг сурталчлах, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг дэмжих, шинэ ургацыг хэрэглэгчдэд шууд хүргэх зорилготой тус арга хэмжээ жилээс жилд өргөжиж, олон нийтийн оролцоо нэмэгдэж байгааг онцлов.

Мөн төрөөс
“Алсын хараа-2050”,
“Шинэ сэргэлтийн бодлого”,
“Атар-4”,
“Цагаан алт” зэрэг үндэсний хөтөлбөрүүдийн хүрээнд нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэлийг дэмжих, экспортыг нэмэгдүүлэх зорилт тавин ажиллаж байгааг дурдлаа.
Үндэсний шилдэг үйлдвэрлэгч, шилдэг, шимтэй бүтээгдэхүүн, тариаланчид, ногоочдын 15 номинациар шалгаруулснаас:
“
Газар тариалангийн шилдэг аж ахуйн нэгж”-ээр Ховд аймгийн Буянт сумын
“Буянт үр жимс инженеринг нэгдэл” ХХК шалгарлаа.
Шагналыг ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн, Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Есөн-Эрдэнэ, Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга М.Дондогдорж, Хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Довчинсүрэн нар гардуулан өглөө.

Буянт үр жимс инженеринг нэгдэл ХХК нь 2016 оноос үйл ажиллагаагаа эрхэлсэн. Буянт суманд 8,5 га ил талбайд, Жаргалант суманд 1200 м2 хүлэмжийн аж ахуйн тариалалт, нийт 12 нэр төрлийн таримал тариалж байгаа бөгөөд хүнсний ногоо хагас болон бүрэн боловсруулах цех, ногоон байгууламж худалдаа гэсэн чиглэлээр тогтвортой үйл ажиллагаа явуулж тогтмол 5 хүнийг ажлын байраар хангахаас гадна жилд 20-25 хүнийг түр ажлын байраар хангадаг байна.

Монгол Улсын Ерөнхий сайдын санаачилгаар
“Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл” арга хэмжээний төмс, хүнсний ногооны борлуулалтыг цаашид 7 хоногоор сунгахаар шийдвэрлэсэн. Ингэснээр 9-р сарын 28-наас 10-р сарын 3-ны өдрүүдэд төмс, хүнсний ногооны борлуулалт Төв цэнгэлдэх хүрээлэнд үргэлжилнэ.
Энэхүү шийдвэр нь улирлын нийлүүлэлтийг оновчтой зохион байгуулж, иргэдийг шинэ ургацын ногоогоор тасралтгүй, тогтвортой хангахад чухал ач холбогдолтой гэж салбарын яамнаас мэдээллээ.
