Д.Отгонбаяр: Урианхайчууд бий биелгээ хийхэд гарын алгаа дээш харуулдаг



Бий биелгээ бол монгол түмний соёлын их өв. Язгуур урлаг, тэр дундаа бий биелгээг тээн хөгжүүлж байгаа ардын авьяастнууд Ховд аймагт олон. Мөнххайрхан сумын уугуул, СТА  Д.Отгонбаяртай уулзаж, Урианхай угсаатны бий биелгээний талаар сурвалжиллаа. Д.Отгонбаяр  ардын дуу дуулж, бий биелгээ хийнэ. Тэрбээр 10 настай байхдаа анх удаа урлагийн тайзан дээр гарчээ. Улмаар Мөнххайрхан сумынхаа “Сайн дурын уран сайханч” болсон ба өдгөө 70 настай.

-Та бий биелгээ анх суралцсан түүхээс хуваалцах уу?
-Намайг хүүхэд байхад бий биелгээ хийх нь түгээмэл байлаа. Ахмадууд биелж байхыг олон удаа  үзэж сонирхож байсан. Товшуур, икэл хөгжмийн аяар дамжуулан биелгээ хийнэ. Түүнийг л дагаж суралцсан. Тэгээд 1961 онд сургуульд орж,  үеийн охидтой хамт бий биелгээ хийдэг болсон. Ингээд сумын урлаг соёлын ажилд идэвхтэй оролцож, урианхай ардын дуу дуулах,  шанз хөгжим тоглох, бий биелгээ хийх зэргээр олон жил урлагийн салбарт холбогдож ирсэн.
-Таны хувьд Урианхай угсаатны бий биелгээ хийдэг. Энэ биелгээний гол онцлог юу бэ?
-Би Цацал, Мөргөл, Хатиргаа гэх гурван бий биелгээг голчлон бүжиглэдэг. Алтайн урианхайчуудын бий биелгээнд гар, хөл, мөрний хөдөлгөөн голлодог.  Тухайлбал, хатиргаа биелгээнд морь хатирч байгаа мэт хөлийн хөдөлгөөн голлоно. Харин Цацал биелгээнд гарын хөдөлгөөн чухал. Түүнчлэн Мөргөл гэх бий биелгээнд хоёр гарын алга нийлүүлэх ба бүсэлхийгээс доош гаргахгүй бүжиглэдгээрээ онцлогтой. Урианхайчууд  бол огцом тохиж биелнэ.  Гар болон цээжин биеийн огцом түргэн хөдөлгөөн,  дал мөрний хаялга, цохилго, сугсралт зэргээр Монгол хүний намба төрх, сэтгэл хөдлөл, бэлгэдэл, зан үйлийг илэрхийлэх тохиолдол ч байна. Бий биелгээнд хүний өдөр тутмын ажил, үйл хөдөлгөөнийг оруулж болно. Би хамгийн анх хөдөлмөр биелгээ хийж сурсан. Тухайлбал, мал саах, үсээ самнах, толинд харах, ноос цохих, эсгий хийх зэрэг өдөр тутмын үйл ажиллагааг  хөдөлмөр биелгээгээр дамжуулан илэрхийлдэг. Бий билгээ бол амьдралын хэв маяг, ард түмний аж байдал, үйл хөдлөл, зан заншил, бэлгэдлийг  яг тэр байдлаар нь уламжилан авч явдгаараа үнэ цэнэтэй.
-Бий биелгээний давуу талаас...?
-Байнга хөдөлгөөн хийж байгаа  учраас  эрүүл мэндэд ач тустай.  Өөрөөр хэлбэл сууж, босоход хурдан,  гар хөл өвдөхгүй.  Хөгжмийн  ая аялгуунд биелээч өөрөө баясаж сэтгэлээ сэргээх зэрэг хүний бие бялдрын хөгжил, гоо зүйд сайнаар нөлөөлдөг гэж бодож байна.
-Бий билгээг залуу үеийнхэнд өвлүүлэхэд анхаарах зүйл юу вэ?
-Бий биелгээг өв уламжлалын дагуу зүй ёсоор нь хадгалан үлдээх чухал. Сүүлийн үед бий биелгээний үндсэн хэв маяг алдагдах, угсаатны онцлог талууд холилдох гэх мэт дутагдалтай тал үүсч байгаа нь ажиглагдах боллоо. Нэгэн жишээ дурьдвал, Мөргөл гэх бий биелгээг хийхдээ гар, хөлний байрлалыг солих, хольж хутгах зүйл ажиглагдсан. Мөргөл биелгээг хийхэд гараа бүслүүрээс доош оруулах учиргүй. Гэтэл зарим хүүхдүүд манай багш ингэж заасан юм гээд л... гар нь бүүр доор явж байх юм. Энэ бол буруу. Тиймээс жижиг зүйлийг ч бид анзаарч, бий биелгээг хойч үеийнхэнд өвлүүлэхдээ зөв арга барил эзэмшүүлэхэд анхаарах ёстой гэж боддог.  
Залуу үеийнхэн бий биелгээ сурах нь маш зөв. Гэхдээ сурсанаа баяжуулах, хөгжүүлэх нь чухал. Мөн бий биелгээ хийхэд тухайн хүн яаж хөдлөх, юу илэрхийлэхийг хүснэ тэгж л нэг загвар, хэмнэлд баригдахгүй бүжиглэх учиртай гэж боддог. Тэгэхдээ баримтлах уламжлал бий. Жишээ нь, Урианхайчууд бий биелгээ хийхэд гарын алгаа заавал дээш харуулдаг.
-Та урианхай дээлээр олон жил гоёж, бий биелгээ хийж байна. Энэ тухайд...?
-Би Урианхай угсаатны үндэсний дээлээ өмсөж биелдэг. Урианхай дээлний хормой өргөн байдаг. Энэ нь аливаа хөдөлгөөн хийхэд ямарч саад учруулдаггүй. Бүсийг нэлээд өргөн хийж бүсэлдэг. Тэгэхээр бүсэлхий нарийн болно. Ходоод, бөөр, нуруу зэрэг биеийн эрхтэнд сайнаар нөлөөлдөг гэж ахмадууд үзэж байсан. Одоо дээл урлахдаа нэлээд нарийн хийдэг болсон. Би одоо ч дээл урлахдаа морь унадаг хүний дээлний хормойг өргөн эсгэж оёдог.    
-Ярилцсанд баярлалаа.

                                                                                                         Н.Лхагва
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ