Хүүхэд хамгааллын баг сумдад ажиллав



Ховд аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын Хүүхдийн эрхийн улсын байцаагч О.Мандалсүрэнгээр ахлуулсан ажлын баг Цэцэг, Булган, Зэрэг суманд ажиллаж сумын Хүүхдийн төлөө зөвлөл, Хамтарсан багийн ажилтай танилцаж, зөвлөн туслах үйлчилгээ үзүүллээ. 
Сумын хүүхдийн төлөө зөвлөл, хамтарсан багийн даргаар тухайн сумын Засаг дарга ажилладаг. Иймээс хүүхдийн эрхийг хангах орон нутгийн бодлогыг тодорхойлж, сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлаар тухайн жилд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль, Хүүхдийн эрхийн тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хуулийн хэрэгжилтийг хангах Хамтарсан багийн ажил үйлчилгээ, урамшууллын зардал, хүүхэд, залуучуудын хөгжил, хамгааллын хөтөлбөр, үйл ажиллагаанд шаардагдах төсвийг батлуулж, хэрэгжүүлэх, үр дүнг иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд тайлагнаж, олон нийтэд мэдээлж ажиллах үүргээ хэрхэн биелүүлж байгаа талаар хяналт үнэлгээ хийж, чиглэл өгөв.
Мөн шинээр томилогдсон сумын ИТХ-ын дарга, тэргүүлэгчид, Засаг дарга нар харьяа нутаг дэвсгэртээ хүчирхийлэлд өртсөн иргэд, эрсдэлт нөхцөл дэх хүүхэд, зорилтот өрх бүрт анхаарч, хамтарч ажиллах, хуулиар үүрэг хүлээсэн Хамтарсан багийн гишүүд гомдол мэдээллийг хүлээн авч шалгах, нөхцөл байдлын үнэлгээ хийх, гэр бүл, хүүхдийн хүчирхийлэл их гарч байгаа тул иргэний аюулгүй байдлыг хангах, дэмжих, холбон зуучлах үйлчилгээг үзүүлээгүй тохиолдолд хүлээлгэх хариуцлагын талаар мэдээлэл хийсэн байна. 
Түүнчлэн хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ үзүүлсэн Цэцэг, Булган, Зэрэг сумын 14 хүүхдийн амьдарч байгаа орчинд дахин хяналт хийж, 10 гэр бүлд хүнс, ахуйн хэрэглээний багц, 6 хүүхдэд өвлийн улирлын хувцасны дэмжлэг үзүүллээ гэж Ховд аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас мэдээллээ. 



Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ