“ОЮУТАН ЦЭРЭГ”-үүд “Цэргийн мэргэжлийн бэлтгэл шатны сургалт”-д хамрагдаж байна



Цэргийн албаны тухай хууль болон Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор батлагдсан “ОЮУТАН ЦЭРЭГ”-т цэргийн мэргэжил олгох сургалтын журмын дагуу “ОЮУТАН ЦЭРЭГ” хөтөлбөрийг 2014 оноос эхлэн  хэрэгжүүлсэн. Харин Ховд аймагт 2016 оноос хэрэгжүүлж энэ жил тав дахь удаагийн сургалтаа зохион байгуулж байна.



Оюутан залуусыг их, дээд сургуульд суралцах хугацаанд нь цэргийн алба хаах боломжийг бүрдүүлэн цэрэг-эх оронч үзэл, хүмүүжилтэй, эх орноо батлан хамгаалах эрүүл чийрэг, бие бялдрын болон сэтгэл зүйн бэлтгэлтэй болгон төлөвшүүлж байгаа нь олон нийтийн дэмжлэгийг авч, тус сургалтын эрэлт, хэрэгцээ жилээс жилд нэмэгдсээр байгаа. 



Тиймээс Монгол Улсын Засгийн газраас энэ жилийн “ОЮУТАН ЦЭРЭГ” сургалтад хамрагдах залуусын тоог 1500 болгон нэмэгдүүлсэн. Үүний үр дүнд Ховд, Увс, Завхан, Говь-алтай, Баян-өлгий аймгаас 100 гаруй оюутан хамрагдаж байгаа юм. 



Цэргүүдэд хоёр сарын хугацаанд “Цэргийн ерөнхий бэлтгэл” шатны сургалт хийсэн. Тэгвэл одоо “Цэргийн мэргэжлийн бэлтгэл шатны сургалт”-ыг Ардын Хатанбаатар С.Магсаржавын нэрэмжит ЗХ-ний 123 дугаар ангийн сургалтын төвд явуулж байна.



Мөн хоёр сарын хугацаатай үргэлжлэх “Цэргийн мэргэжлийн бэлтгэл шатны сургалт”-ын нээлт өнөөдөр /2023.06.24/ боллоо. 



Нээлтэд аймгийн Засаг даргын орлогч Т.Дэлгэрсайхан, Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын дарга, хурандаа Б.Ганхуяг, ЗХ-ний 123 дугаар ангийн захирагч, хурандаа Х.Энхболд нарын албаны төлөөлөл, ар гэрийнхэн нь  оролцож “ОЮУТАН ЦЭРЭГ”-үүдэд баяр хүргэж амжилт хүслээ. 




Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ