Баруун монголын бурхны шашны анхдугаар хийдийн туурь байсан газарт Бурхан багшийн сэрэг дүрийг заллаа



Одоогоос 260 жилийн өмнө буюу 1762 оны хар морин жил Ойрадын үндсэн ламтан,Захчины анхдугаар дүрийн гэгээн Лувсанренчин, Захчины гүн Жанцан нар 8-р далай лам, Банчин Эрдэний ивээл айлтгалаар Ховд аймгийн Үенч сумын нутаг Улаан-Үзүүр гэх газарт анхдугаар Раашгончиглэн ба Дашгүндэглин хийд, номын өргөөг байгуулж байжээ. Энэ хүрээ хийдээс салбарлан Манхан сумын нутагт Төгрөгийн хүрээ, Алтай сумын нутагт Бодончийн хүрээ, Зэрэг сумын Цагаанбургасны хийд ба Алтантээлийн хийд мөн Үенч сумын Улиастын Ендэртийн аманд буддын гүн ухаан, бясалгал, зурхайн ухааны Их сургууль болох Чойрын дацан, мөн сумын нутаг Рашаатын аманд Цанидын дацанг байгуулж байсан байна.



Мөн тухайн үеийн түүхийн эгзэгтэй цаг үед баруун Монголд 6 хутагт хувилгаан, гэгээнтэн мэндэлж байсны тав нь Захчинаас, нэг нь Өөлдөөс тодорч байжээ. Таван захчин гэгээний түүх намтар, бүтээл нь Ховд аймгийн Үенч сумтай ихээхэн холбоотой байдаг тул түүнийг судлах дурсгалыг хүндэтгэх, ирээдүй хойч үед мэдүүлэх үүднээс "Их Захчид" төслийн хамт олон хэд хэдэн төслийг нутгийн олны дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж байгаа юм.



Үүний нэг нь Баруун Монголд Бурхны шашны анхдугаар хийдийн гал голомт бадарсан Үенч сумын нутаг "Улаан үзүүр"-ийн хийдийн туурь байсан газарт Бурхан багшийн сэрэг дүрийг нутгийн олны хандив, сүсэг бишрэлээр бүтээн залж, аравнай өргөлөө. 



Уран сийлбэрч Т.Ууганбаатар 3 сарын хугацаанд Бурхан багшийн сэрэг дүрийг цагаан гантигаар урлаж бүтээсэн байна. Цагаан гантиг чулуугаар суугаа байдлаар урласан энэхүү бурхан нь Монголдоо анхных гэдгээрээ онцлогтой. 


Мөн сумын 90 жилийн ойн хүрээнд Үенч сумын Баянмандал хийдэд Захчины V дүрийн гэгээнтэн Данзанчинравжамц агсаны нэрэмжит судалгаа, танин мэдэхүйн чиглэлийн номын санг тохижуулж, баруун монгол судлал, шашинтай холбоотой боть номуудыг хийдэд хандивлаж, хойч үедээ өвлүүлэн уламжилуулж байна. Төслийн хүрээнд цаашид Захчины болон олон ястны түүх, соёлын өвийг хамгаалах, ирээдүй залуу үед сурталчилан таниулах чиглэлээр баримтат кино, эрдэм шинжилгээний хурал зэргийг хийхээр төлөвлөн ажиллаж байна. 

ВИДЕО:







Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ