
Монгол улсын Үндсэн хуулиар хүлээсэн иргэний цэргийн үүргээ биелүүлж Ховд аймгаас 2024 оны нэгдүгээр ээлжийн цэрэг татлагаар хугацаат цэргийн албанд татагдан Үенч сум дахь Хилийн цэргийн 0130 дугаар ангид алба хааж халагдсан хилчин дайчдыг угтаж авах үйл ажиллагааг өнөөдөр
/2025.05.01/ аймгийн төв талбайд зохион байгууллаа.

Хилчин дайчдыг аймгийн Засаг даргын орлогч Л.Энхбаяр, ЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Х.Баасанхүү, ЗДТГ-ын Цэргийн штабын дарга, хурандаа Б.Ганхуяг, Хилийн цэргийн 0130 дугаар ангийн захирагч, хурандаа Б.Батхүү болон сумдын удирдлагууд, гэр бүл, ах дүүс, найз нөхөд, ард иргэдийн төлөөлөл угтан авав.

Энэ үеэр Засаг даргын орлогч Л.Энхбаяр дайчдад хандан өргөсөн тангарагтаа үнэнч байж эх орныхоо өмнө хүлээсэн үүргээ амжилттай биелүүлэн албаа нэр төртэй хаасанд баяр хүргэн, цаашдын ажил амьдралд нь сайн сайхныг хүсэн ерөөлөө.
Мөн хугацаат цэргийн албаа нэр төртэй хаасан нэр бүхий дайчдыг аймгийн Засаг даргын хүндэт өргөмжлөл, тэргүүний хилчин, онц сурлагатан, онц буудагч тэмдгээр шагнаж, баяр хүргэв.

Аав ээжийн энхрий хөвгүүд эх орны хүү болж эх орныхоо баруун хилийг 365 хоног сахин хамгаалж, цэргийн эрдэмд шамдан суралцахын сацуу Монгол бичиг, Англи хэл, Компьютер, жолооны сургалтад хамрагдаж мэдлэг, чадвараа дээшлүүлжээ.

Тухайлбал, Хил хамгаалах байгууллагын “Гэрээт ахлагч”-ийн мэргэжил олгох сургалтад Ховд аймгаас татагдсан 16 хугацаат цэргийн алба хаагчдыг
“Нисгэгчгүй нисэх хэрэгсэл дроны нисгэгч”, “Хилчин”, “Шалган нэвтрүүлэх алба”, “Жолооч” зэрэг мэргэжлүүдээр сургалтад хамруулж ажлын байраар хангасан байна.
Мөн 29 хугацаат цэргийн алба хаагчдыг жолоодох эрхийн В ангиллын сургалтад хамруулж E-Mongolia цахим санд нэрсийг нь байрлуулжээ.




