"Төрийн албыг төвшитгөх бодлого Ховд аймагт"



Өчигдөрхөн нүүр номын нэг найз маань “Бүргэдийг тоншиж чаддаг цорын ганц шувуу бол хэрээ. Тэр бүргэдийн нуруун дээр суучихаад хүзүү рүү нь тоншино. Гэвч бүргэд түүнийг шилгээж хаядаггүй. Түүнтэй тэмцэж хүч, хугацаагаа дэмий зардаггүй. Харин жигүүрээ дэвэн улам дээш хөөрнө. Бүргэд хэдий чинээ дээш хөөрнө, агаар сийрэгжиж, хэрээ амьсгалж чадахгүй болоод өөрөө аяндаа доош унадаг” гэж бичсэн байсан нь санаанд оров.“Төрийн албаны шинэтгэлийн бодлого”-ын утга санааг дээрх жишээ бүрэн илэрхийлэх мэт...
Хэр баргийн шувуу хүрч чадахгүй тэнгэрийн тэр өндөрлөгийг “Монгол төрийн алба”-тай зүйрлэвэл, түүнд тэнцэжорж чадах хүн нь зөвхөн бүргэд мэт зорьсон зорилго нь тодорхой, зүрх сэтгэлийн боловсрол төлөвшлийн хувьд төгс бэлтгэгдсэн нэгэн байж таарна. Мэдээж академик боловсролыг энд дурдах нь илүүц биз. 

“...Төрийн албаны тухай хууль амьдрал дээр бүрэн хэрэгжиж чадахгүй байгаа. Үүний гол шалтгаан нь хуульд 2008 онд хийгдсэн, төрийн мэргэшсэн тогтвортой албыг бэхжүүлэхэд чиглэсэн өөрчлөлтүүдийг амьдрал, практик дээр хэрхэн хэрэгжүүлэх арга, механизмыг хуульчилж өгөөгүйтэй холбоотой гэж үздэг. Эдгээр өөрчлөлт нь үнэндээ уриа лозунг болж үлдээд байна”... “Монгол Улсын төрийн албыг сүүлийн 20 жилийн турш улс төрийн сонгууль, түүний үр дүнгээр хийгддэг Засгийн газрын бүтцийн өөрчлөлтөөр сэгсэрч, тэмээ туйлсан юм шиг болгож байна”. Энэ бол 2017 оны 4-р сард Монгол Улсын ТАЗ-ийн дарга, доктор, профессор Б.Цогоогийн “Төрийн албаны шинэтгэл ба тулгамдсан асуудал” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлын үеэр хэлж байсан үг. 

Тэгвэл энэ асуудал одоо ард үлдэж, итгэл даах, мэргэшсэн, шударга, тогтвортой, төрийн албыг төлөвшүүлэх суурь нөхцлийг бүрдүүлж, жинхэнэ утгаараа амьдралын хөрсөнд буусан хуулийг шинэчлэн боловсруулж, хэрэгжүүлж эхэлсэн нь ард иргэдийн олон жилийн хүлээлтэд нийцсэн ажил болохыг хөдөөгийн иргэд хэлж байна. 

Монгол Улсын төрийн алба гэх цогц системийг эмхлэн төвшитгөхийн тулд төр засаг, төрийн албаны дээд байгууллага бүх цаг үед гар хумхиж суулгүйгээр, тодорхой санаачилга гарган шат дараатай арга хэмжээг авч хэрэгжүүлэн ажиллаж ирснийг түмэн олон мэднэ. Үүний үр дүнд өнөөдөр итгэл даах, шударга төрийн албыг төлөвшүүлж, олон улсын жишигт нийцүүлэх хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх бодлого шийдвэрийг гарган хэрэгжүүлж эхлээд байна гэж иргэн хүний хувьд дүгнэж сууна. Төрийн алба тогтвортой байж гэмээнэ орон нутгийн маань, улс орны маань хөгжил тогтвортой үргэлжилнэ. Тэр хэрээр бидний амар тайван, ая тухтай амьдралын үндэс суурь бат бөх тогтох юм.

Хууль хэрэгжиж эхэлснээс хойш засаг захиргааны нэгжүүд дахь шат шатны төрийн байгууллагуудад, ялангуяа орон нутагт төрийн албаны шинэтгэлийн бодлогыг онцгой ач холбогдол өгч хэрэгжүүлж байгаагийн тод жишээ бол Ховд аймаг. 

Шинэ хууль хэрэгжиж эхлэх үеэр аймагтаа төрийн бүх шатны байгууллагын сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах, төрийн үйлчилгээг ил тод, чанартай, тэгш хүртээмжтэй хүргэдэг мэргэшсэн, ёс, зүй, харилцаа хандлага сайтай төрийн албан хаагчидтай “Авилга хүнд сурталгүй аймаг болох” зорилго тавьж “Хариуцлагатай тунгалаг төр” аймгийн дэд хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн. Хөтөлбөрийн хүрээнд төрийн албан хаагчдын өмнө тулгамдсан асуудлыг сонсох, нийгмийн асуудлыг шийдвэрлэх, тэдний мэдлэг ур чадварыг ахиулахад чиглэсэн олон удаагийн сургалт хэлэлцүүлэг, уулзалт зөвлөгөөнийг зохион байгуулсаар ирсэн. Мөн хөдөөгийн сумын иргэдэд төрийн үйлчилгээг ойртуулж иргэдэд хамгийн эрэлттэй байдаг төрийн үйлчилгээг хүргэдэг албан хаагчдын багийг хөдөөгийн сумдад улирал тутамд томилолтоор ажиллуулж, иргэдийн санал хүсэлтийг сонсож ажилладаг тогтсон уламжлалыг бий болгоод байна.



Дан ганц үйлчилгээнд анхаарахаад зогсохгүйУлсын төсвийн хөрөнгө оруулалтаар төрийн байгууллагуудын байр, сумдын Нутгийн удирдлагын орднуудыг олноор нь шинээр барьж, ашиглалтад оруулж байгаа нь төрийн үйлчилгээний чанарыг сайжруулахад чухал ач холбогдолтой гэж үзэж, иргэд хөдөлмөрчид ам сайтай байна. 

Ховд аймаг “Хариуцлагатай тунгалаг төр” хөтөлбөрөө хариуцлагатайгаар хэрэгжүүлж байгаагийн бас нэгэн тод жишээ бол 21 аймгаас анхдагч болж “Стадарттай Ховд” аймаг болох зорилт дэвшүүлсэн явдал. Энэ хүрээнд 10 гаруй байгууллага үйл ажиллагаандаа чанарын менежментийн тогтолцооны ISO 9001:2015 стандартыг нэвтрүүлж, хэдхэн хоногийн өмнө албан ёсоор батламжаа гардан авлаа. Цаашид байгууллага тус бүр байгууллагынхаа чанарын бодлого зорилтыг тодорхойлж, хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Энэ ажлыг санаачлан эхлүүлсэн нь төрийн албыг төвшитгөх бас нэгэн дорвитой алхам. Ийнхүү орон нутгийнхаа бүхий л салбарын ажил, үйл ажиллагаанд төрийн байгууллагуудаар дамжуулан стандартыг нэвтрүүлж эхэлснээр аймаг, орон нутгийн нийгэм, эдийн засгийг эрчимтэй хөгжүүлэх, чанарын шаардлага хангасан зөв хэрэглээ, үйлчилгээг бий болгож, иргэдийнэрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлнэ гэж  орон нутгийн удирдлагууд холбогдох албаныхан үзэж байна. Одоо тууштай хэрэгжүүлж, үр дүн үзэх л үлдэж байна. 



Ховд аймгийн хэмжээнд нийт 167 төрийн захиргааны болон үйлчилгээний байгууллагад 5350 гаруй төрийн албан хаагч ажиллаж, аймгийн 88400 хүн амд төрийн үйлчилгээг үзүүлж байна. Төрийн үйлчилгээг иргэдэд чанартай, хүртээмжтэй, ил тод, шуурхай хүргэх нь аль ч засаг захиргааны нэгж дэх төрийн байгууллагуудын үндсэн үүрэг.  Үүргээ биелүүлэхийн тулд тулгамдаж буй хэд хэдэн асуудлыг хөдөөгийн сумын төрийн албан хаагчдаас аймгийн ЗДТГ-ын ХШҮДАХэлтсээс авчээ. Хамгийн сүүлийн судалгаанаас харвал албан хаагчид хэд хэдэн асуудлыг уламжилжээ.  Үүнд:

- Төрийн албан хаагчдын ажлын байр улс төрөөс хараат бус байлгах бодлогыг тасралтгүй хэрэгжүүлэх, 
- Шатлан дэвшүүлэх мерит зарчмыг тухайн ажлаа олон жил хийсэн гэдэг шалгуураар бус ажил дээрээ хүлээн зөвшөөрөгдөж байгаа байдлаар нь үнэлэх тогтолцоог журамлах
- Хэн илүү бүтээмжтэй ажиллаж байгаа нь өндөр цалин авдаг байхшалгуур зохицуулалтыг дүрэм журмаар тогтоох, 
- Улс төрийн албан хаагчдын ёс зүй, сахилга хариуцлагыг хуулиар зохицуулах, 
- Төрийн албаны үйл ажиллагаанд мэдээллийн технологи, шинэ инновацийг цаг үргэлж нэвтрүүлэхийн тулд гадаад, дотоодын их, дээд сургуульд амжилттай суралцаж төгссөн залууст төрийн албанд орж ажиллах боломж олгодог байх,
- Төрийн албан хаагчдыг гадаад, дотоодын сургалт, туршлага судлах арга хэмжээнд тогтмол хамруулж, чадавхжиж мэргэших боломжоор хангах, 
- Албан хаагчдын сэтгэлзүйн боловсролд чиглэсэн сургалтыг тогтмол зохион байгуулдаг байх, 
- Сумдын төрийн албан хаагчдыг орон сууцжуулах бодлого хэрэгжүүлэх, нийгмийн баталгааг хангах
- Багш, эмч нарт олгодог орон нутгийн нэмэгдлийг төрийн албан хаагчдад тодорхой хувиар олгодог байх зэрэг асуудлуудыг зонхилон дэвшүүлжээ. Асуудлыг шийдвэрлэх оновчтой шийдэл, шийдвэрийг гаргана гэж төрийн албан хаагч итгэж, албандаа хоёргүй сэтгэлээр хичээн зүтгэж байна.

Тэдний хичээл зүтгэлийн үр дүнгээр Төрийн албаны тухай шинэ хуулийн зорилт Ховд аймагт амжилттай хэрэгжиж байна. Тодруулбал,2017 оны байдлаар “Төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийн талаар хийсэн хэрэглэгчдийн үнэлгээний судалгаа”-ны дүнгээр иргэд дээрх үзүүлэлтийг 3,65 буюу 73 хувьтай гэж үнэлжээ. 
Харин Засгийн газраас 2 жил тутамд хийдэг судалгаагаар 2019 онд энэ тоон үзүүлэлт үнэмлэхүй ахиж, төрийн үйлчилгээний чанар хүртээмж сайжирсан талаарх дүгнэлтийг ирүүлжээ. 

Холын зорилгод тэмүүлэх бүргэд мэт төрийн албан хаагчид, бүргэдийн хүрэх өндөрлөг мэт төрийн албыг хүсэж байна. Монгол төрийн босгыг “өндөр” байлгах төрийн бодлого мэргэн байж, түмэн олон амгалан тайван, ая тухтай, аз жаргалтай амьдрах нөхцөл бүрдэх болтугай. 
Нийтлэл бичсэн: Б.Хишигзаяа





Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ