Торгуудын их нүүдэл 250 жилийн өмнө болжээ



Монголчуудын нүүдэл ба суурьшлын түүхтэй холбоотой олон баримт бий. Түүний нэг бол 250 жилийн өмнө болсон Торгуудын их нүүдэл юм. Торгуудын их нүүдлийг эргэн дурсах түүхэн өдөр өнөөдөр тохиож байна. Монголын түүхэнд тэмдэглэснээр богино хугацаанд, хамгийн их цус урсгасан “Торгуудын их нүүдэл” нь 1771 оны нэгдүгээр сарын 05-ны өдөр эхэлжээ. 
Торгуудын их нүүдэл эхлэхэд Ижил мөрнөөс 150 мянга гаруй хүн хөдөлжээ. Ингээд нүүдэл найман сар үргэлжилж, 6000 мянга гаруй км замыг туулсан аж. Энэ хугацаанд олон удаагийн тулаан, бэрхшээлтэй учирсан төдийгүй ядарч, сульдах зэргээр хүмүүс үхэж үрэгдсээр 50 мянга орчим хүн зорьсон газраа иржээ. Энэ бол нүүдэлчид эрх чөлөө, эх нутгаа зорин тэмцсэн бодит үйл явдал аж. Торгуудууд эдүгээ Ховд аймгийн Булган суманд аж төрж байна.


Эх сурвалжид тэмдэглэснээр: Торгууд нь Хэрэйдийн ван хан Тоорилын угсааныхан юм. Турхагууд гэсэн үг сунжирч торгууд болсон аж. Турхаг гэдэг нь тураг, биерхүү гэсэн утгатай. Өөрөөр хэлбэл, турхагууд нь бие бялдар сайтай, торгон цэргүүд байжээ.  
1607 онд Торгуудын Хоо өрлөг Дөрвөн ойрадын чуулганы зөвшөөрлөөр Хойд аймгийн хойд зах Эрчис мөрний дунд урсгал Орын ганц мод хэмээх газар нүүж очжээ.
Улмаар 1628 онд Ижил мөрний зүг нүүжээ. Ингээд 1630 онд Ижилд ирж Уралаас Ижил мөрөн, Астраханаас Самарканд хүртэлх өргөн уудам нутгийг эзэмшин суурьшжээ. 
XVIII зууны дунд үед Манж нар Зүүнгарын хаант улсыг байлдан эзлэхэд Торгуудын тайш Шэйрэн албат иргэдээ дагуулан Ижил мөрөн рүү зугатан очиж, 10 гаруй жил суужээ.
Гэвч хаант Оросын бодлого тэсвэрлэшгүйд хүрсэн тул 1771 онд Торгуудын ноён Убаши, Шэйрэн нар албат иргэдээ авч Алтайг тэмцэж нүүсэн билээ.
Тэд замдаа Орос, Хасаг, Хиргисийн морьт цэргийн хориглолттой олон удаа таарч байгалийн чөмөг царцам хүйтэн, гал ноцом халуунд өндөр уул, усгүй цөлийг үл ажран найман сарын туршид нийт 6000 гаруй км газрыг туулсан аж.
Торгуудуудыг Алтайд ирсний дараа Манжийн засгийн газраас тэднийг хэд хэдэн газарт нутаг олгож тараан суулгажээ. Ингээд хэд хэдэн хошууг нэгтгэсэн чуулган зохион байгуулсан. Шэйрэнгийн албатуудыг чин сэтгэлтийн чуулганд хамааруулжээ. Эл чуулганд бүгд гурван хошуу байсан. Үүнээс хоёр нь торгууд, нэг нь хошуу юм. Торгуудын эл хоёр хошууг дотор нь баруун хошуу, зүүн хошуу хэмээн ялгадаг байв.   
Үүнд баруун хошууны засаг ноёноор 1771 онд Шэйрэнг өргөмжилж, төрийн жун вангийн хэргэм, билэгт цол, гурван нүдэт тогосын отго шагнажээ. 1772 онд Шэйрэнг Ховд аймгийн баруун өмнө хэсэг Булган, Чингэл гол ойролцоо нутагт суулгажээ.
Харин зүүн хошууны засгаар Шар хүүхэнийг өргөмжилжээ. Улмаар хошууны бэйсийн хэргэм, учралт цол, хоёр нүдэт тогосын отго шагнажээ. Шар хүүхэнд мөн Булган, Чингэл, Цагаан голд нутаг зааж суулгасан.
1773 онд Чин сэтгэлтийн чуулганы даргаар Шэйрэнг, дэд чуулганы даргаар Шар хүүхэнийг тавив. Дээрх хоёр хошууны засгийн хэргэмийг 1783 оноос албан ёсоор үе улируулан залгамжлах шийдвэр гарчээ. Чин сэтгэлтийн чуулганы хоёр хошууг бусад торгуудаас ялган шинэ торгууд аймаг хэмээн нэрлэжээ.
Монголчууд Манжийн эрхшээлээс гарах үе хийгээд 1921 оны хувьсгалын дараа торгууд хоёр хошуу нь Ховдын сайдын газарт харьяалагдаж байв. 1929 оны сүүлээр торгуудын хоёр хошуу, хошуудын нэг хошууг нэгтгэж Булган мандал Бүрэн хан уулын хошуу хэмээн нэрлэж, хошууны төвийг “Булган гол”-ын өмнө хэсэг Баянсудал хэмээх газар суурьшуулжээ.
1931 онд Ховд аймгийг байгуулж, хуучин хошуудын зохион байгуулалтыг өөрчлөн сум зохиоход Булган мандал Бүрэнхан уулын хошуугаар одоогийн Булган сумыг байгуулсан аж. Булган сум нь Улаанбаатар хотоос 1855 км, Ховд аймгийн төвөөөс 385 км зайд буй.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ