Аймгийн удирдлагууд халдварын голомтод ажилласан БОЭТ-ийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг хүлээн авч уулзав



Ховд аймагт “Ковид-19”-Коронавируст халдварын тохиолдол бүртгэгдсэнээс хойш халдварыг илрүүлэх, халдвартай иргэдийг эмчилж эдгэрүүлэх, тархалтыг хумих, таслан зогсоох чиглэлээр аймгийн Онцгой комиссоос цаг тухай бүрд нь шийдвэр гарган ажиллаж ирсэн. Чиг үүрэг бүхий мэргэжлийн байгууллагын олон зуун алба хаагчид уртасгасан цагаар үүрэг гүйцэтгэсэн. Тэдний нэг хэсэг БОЭТ-ийн эмч, эмнэлгийн ажилтнууд юм. 



Жил бүрийн 05 дугаар сарын 12-ны өдөр тохиодог “Олон улсын сувилагчдын баярын өдөр”-ийг угтан өнөөдөр /2021.05.10/ аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, Засаг дарга Б.Дүгэржав нар халдварын голомтод ажилласан эмч, эмнэлгийн ажилтнуудаа хүлээн авч уулзан “ТАЛАРХАЛ” илэрхийлж нэр бүхий алба хаагчдыг шагнаж урамшуулав. 



Халдварын анхны тохиолдол бүртгэгдсэнээс хойш өнөөдрийг хүртэл БОЭТ-ийн Эмнэлзүйн лабораторийн тасгийн Нян судлал, вируслогийн салбар лабораторийн хамт олон 16000 гаруй сорьцод PCR шинжилгээ хийж халдварыг оношилжээ. Мөн Халдвартын тасгийн “Тусгаарлах эмнэлэг”-т эмч, сувилагч, үйлчлэгч гээд 5-6 хүний бүрэлдэхүүнтэй эмнэлзүйн нийт 9 баг ажиллаж халдвар авсан иргэдийг эмчилж, эдгэрүүлсэн байна.


Уулзалтын үеэр орон нутгийн удирдлагууд: "Дэлхий нийтэд тархсан “Ковид-19” цар тахлын хүнд цаг үед мэргэжлийн ур чадвараа дайчлан ажилласан энэ цагийн энгүй үйлстэн, “ЦАГААН НӨМРӨГТ БААТАР”-ууд та бүхнээрээ бид бахархаж байна. “ХАЛДВАРЫГ ХАМТДАА ДАВАХЫН ТӨЛӨӨ” ар гэрийн амьдралаа орхин нойр, амралтаа хасан байж, ард түмнийхээ эрүүл мэндийн төлөө сэтгэл зүтгэл гарган хамтран ажилласан эмч эмнэлгийн нийт ажилчдад чин сэтгэлийн талархал илэрхийлж ажлын амжилт хүсье. "ХҮН БҮХЭН ЭРҮҮЛ БАЙГ ЭЭ" гэлээ.










Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ