
Салбар байгууллагуудын үйл ажиллагаатай танилцах, тулгамдаж буй асуудал, албан хаагчдын санал хүсэлтийг сонсох, салбарын хүрээнд цаашид хийж хэрэгжүүлэх ажил, өөрчлөлт шинэчлэлтийн талаар мэдээлэл өгөх үүднээс Нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч дарга Л.Энхбаяр салбар байгууллагуудаар ажиллаж байна.

Өнөөдөр /2025.2.03/ аймгийн Эрүүл мэндийн газарт ажиллаж, байгууллагын удирдлага, ажилчидтай уулзалт зохион байгууллаа.
Эрүүл мэндийн газар нь:
-Удирдлага төлөвлөлт санхүүгийн хэлтэс,
-Эмнэлгийн тусламжийн хэлтэс,
-Нийгмийн эрүүл мэндийн хэлтэс,
-Хяналт шинжилгээ үнэлгээний хэлтэс,
-Эрүүл мэндийн хяналтын хэлтэс гэсэн 5 хэлтэст 27 ажилтантай. Нийгмийн салбарын тэргүүлэх чиглэлийн байгууллагын нэг.

Хүн амд үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээг эрэлт хэрэгцээнд нь тулгуурлан өвчнөөс урьдчилан сэргийлэх, нотолгоонд суурилсан оношилгоо эмчилгээ, шинэ технологи нэвтрүүлэн харьяа эрүүл мэндийн байгууллагуудын уялдаа холбоо, хамтын ажиллагааг бэхжүүлэх чиглэлээр бодлого гарган ажилладаг.

Салбарын хэмжээнд 1400 гаруй эмч, ажилтан харьяа 109 байгууллагад ажиллаж байна.
Аймгийн Засаг даргын 2024-2028 онд хэрэгжүүлэх “Хурдтай хөгжлийн зам” үйл ажиллагааны хөтөлбөрт эрүүл мэндийн салбарт
Чадварлаг эмч мэргэжилтэн
Эрүүл эр хүн
Эх хүүхдэд ээлтэй тусламж үйлчилгээ
Эрүүл чийрэг хүүхэд
Дундаж наслалтыг нэмэгдүүлэх +80 гэсэн төсөл арга хэмжээг хэрэгжүүлэхээр тусган энэ хүрээнд олон чухал ажлууд хийгдэнэ.
Мөн сумдын эрүүл мэндийн төвүүдийг шүдний кабинеттай болгож, шаардлагатай эмч мэргэжилтнүүдээр хангах тал дээр анхаарч ажиллах юм.

Тус байгууллагад тулгамдаж буй нэн тэргүүний асуудал нь ажиллах боловсон хүчний хомсдол. Одоогоор 12 ажилтны орон тоо дутагдалтай байгаа. Цалин хөлс бага, ажлын байрны зарим зүйл заалт нь чанга учир мэргэжилтэй боловсон хүчин ажиллахад хүндрэл үүсдэг талаар ажилчдын зүгээс онцолж байлаа. Тиймээс хүний нөөцийн асуудлаа шийдвэрлэхэд тулгамдаад байгаа цалин хөлсийг нэмэгдүүлэхэд анхаарал хандуулахыг хүсэв.

Мөн энэ онд Эрүүл мэндийн газрын 100 жилийн ой тохиож байгаа. Түүхэн ойгоо 8 дугаар сард тэмдэглэн өнгөрүүлэхээр төлөвлөж буй. Иймээс шаардлагатай төсөв мөнгийг шийдвэрлэхэд анхаарч ажиллахыг хүслээ.
Засаг даргын орлогч Л.Энхбаяр тулгамдаж буй асуудлыг холбогдох хууль журмын дагуу судалж, шийдвэрлэхэд анхаарч ажиллахаа илэрхийлэв.

100 жилийн ойтой холбогдуулан ажлын хэсэг гаргаж, ойг угтсан хийх ажлын төлөвлөгөө, хөтөлбөрөө боловсруулан ирэх 3 дугаар сард хуралдах аймгийн ИТХ-ын ээлжит хуралдаанаар танилцуулж, шаардлагатай төсөв мөнгөө батлуулах хэрэгтэйг анхаарууллаа.
Түүнчлэн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд эрүүл мэндийн салбарт хэрэгжих төсөл арга хэмжээнүүдэд тусгах ажлуудаа эрэмбэлэн ажлын хэсэгт ирүүлэх хэрэгтэйг тодотгож, шинэ санал санаачилгатай, хурдтай, эрч хүчтэй ажиллахыг Эрүүл мэндийн газрын нийт ажилчдад зөвлөв.

