
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Ховд аймагт ажиллаж байна. Албан айлчлалын хүрээнд өчигдөр /2025.02.05/ аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзаж УИх-ын намрын чуулганаар хэлэлцэн баталсан гол хуулиуд, хийж хэрэгжүүлсэн ажлын талаар товч танилцууллаа. Мөн Парламентын 3 төгөлдөршил, 14 мега төсөл, Шинэ хоршооны талаар мэдээлэл өглөө.

Уулзалтад УИХ-ын гишүүн Э.Болормаа, аймгийн ИТХ-ын дарга З.Эрхбаяр, Засаг дарга М.Амарсанаа болон албаны бусад төлөөлөл оролцлоо.

Энэ үеэр бизнес эрхлэгчдийн төлөөлөл орон нутагт үйлдвэрлэл явуулахад учирч буй хүндрэл бэрхшээл, тулгамдсан асуудлын талаар нээлттэй ярьж харилцан санал солилцов.

УИХ-аас:
-Эрчим хүчний тухай, Сэргээгдэх эрчим хүчний тухай, Эрчим хүч хэмнэлтийн тухай хууль болон холбогдох хууль тогтоомжийг шинэчлэн боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг;
-Татварын багц хуулийн хэрэгжилттэй танилцаж санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол холбогдох хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг тус тус байгуулагдан ажиллаж байгааг УИХ-ын дарга Д.Амарбаясгалан танилцуулав. Мөн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлэхэд анхаарч ажиллахаа илэрхийллээ.
