
Аймгийн ХХҮГ-ын дэргэдэх
“Ховдод үйлдвэрлэв” борлуулалтын төвд сар шинийн баярыг угтсан үзэсгэлэн худалдаа хоёр дахь өдрөө үргэлжилж байна.
Хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэд, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг дэмжих, үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг олон нийтэд сурталчлан борлуулж, өрхийн орлогыг нэмэгдүүлэх, иргэд олон нийтийг сар шинийн баярын бараа бүтээгдэхүүнээ нэг дороос өргөн сонголттой, хямдралтай сонгох, үйлчлүүлэх боломжоор хангах зорилготой уг үзэсгэлэн худалдааг аймгийн Засаг даргын Тамгын газар, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар холбогдох бусад байгууллагуудтай хамтран зохион байгуулж байгаа юм.

Үзэсгэлэн худалдаагаар бэлэг дурсгал, хүнс, цагаан идээ, гар урлалын бүтээгдэхүүн, үндэсний дээл хувцас, малгай, гутал, арьс шир, сур суран эдлэл, эсгий урлалын нэр төрлүүдээс дэлгэн иргэдэд танилцуулж, худалдан борлуулж байна.
Энэхүү үзэсгэлэн худалдааг 2 үе шаттай зохион байгуулна.
-Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас санхүүгийн дэмжлэгт хамрагдсан сумдын иргэд,
-ААН-ийн бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа бүсчилсэн байдлаар хоёрдугаар сарын 05-21-ний өдрийг хүртэл тус борлуулалтын төвд явагдана.
Харин сар шинийн баярт зориулсан нэгдсэн үзэсгэлэн худалдаа хоёрдугаар сарын 24-26-ны өдрүүдэд Спортын төв ордонд болно.
Аймгийн Нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч дарга Л.Энхбаяр өнөөдөр /2025.2.06/ үзэсгэлэн худалдаагаар орж, үйлдвэрлэл эрхлэгчидтэй уулзан,тулгамдсан асуудлаар тэдний санал бодлыг сонсож, цаашид хэрхэн шийдвэрлэх талаар байр сууриа илэрхийллээ.

Орлогч дарга Л.Энхбаяр энэ үеэр
“Орон нутагт жижиг дунд үйлдвэрлэлийг өргөжүүлж, ажлын байрыг нэмэгдүүлэх асуудал нэн чухал. Үүний тулд эхний ээлжид үйлдвэрлэл эрхлэгчдийн бараа бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлэх, сав баглаа, боодол, шошгыг сайжруулах, үйлдвэрлэл эрхлэгчдийг чиглэл чиглэлээр нь сургалтад хамруулж, чадавхжуулах тал дээр анхаарч ажиллана.
Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас зээл авч, үйлдвэрлэлээ эрхэлж байгаа иргэд “Ховдод үйлдвэрлэв” борлуулалтын төвөөр дамжуулан бараа бүтээгдэхүүнээ түлхүү зарж борлуулдаг. Гэвч тус борлуулалтын төвийн зай талбай жижиг учир хувиараа үйлдвэрлэл эрхлэгчид тэр бүр бараа бүтээгдэхүүнээ тавьж, худалдаалж чадахгүй байгаа энэ асуудлыг шийдвэрлэж, шинэ байртай болгох асуудлыг судална” гэдгийг онцоллоо.


