
Учран золгож буй гал морин жилийн сар шинийн босгон дээр Мөст сумаас таван малчин
“Аймгийн аварга малчин өрх”-өөр шалгарсан. Тэдний нэг нь Баянхайрхан багийн малчин Д.Адьяа, У.Энхцэцэг нар юм. Малчдын шагналыг аймгийн Засаг дарга М.Амарсанаагаар ахлуулсан ажлын хэсэг гардуулж баяр хүргэв.

Малч удамтай энэ залуу малчид сүүлийн 18 жил мал маллаж дөрвөн төрөлд нь өсгөжээ. Мал маллах нь залуу хүнээс тэсвэр хатуужил шаардана. Мөн байгаль, цаг агаарын хүнд нөхцөлийг давах гээд амаргүй үе цөөнгүй. Ямартай ч өөрсдийн хичээл зүтгэл, хамтын хөдөлмөр, ах дүү, сум, баг хамт олны дэмээр хөдөлмөрийнхөө үр шимийг хүртэж явна аа гэж малчин Д.Адьяа ярьж байлаа.

Өнтэй өвөл болж мал тарга тэвээрэг сайтай дээрээс нь эрсдэлийг тооцож бэлтгэлээ сайтар хангасан учраас ирэх хаврыг ажрахгүй давна хэмээн тэрээр онцоллоо.
Бодончийн гол, Мухар давын аманд өвөлжиж буй аварга малчных энэ хавар 500 орчим төл хүлээн авахаар төлөвлөж байна.



