
Алтай сумын харьяат, Жаргалант сумын Ерөнхий боловсролын гуравдугаар сургуулийн ахмад багш, Лаборатори нэгдүгээр сургуулийн зөвлөх багш, математикийн багш, Н.Баатарсүрэн гуай
"МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ БАГШ" гэсэн эрхэм хүндтэй цол хүртсэн.

Гавьяат багш өнөөдөр /2026.03.03/ Ховд нутагтаа ирлээ. Олон жилийн хөдөлмөр зүтгэлээ төрдөө үнэлүүлсэн буурал багшийг аймаг, сум, орон нутгийн удирдлагууд, хамт олон, гэр бүл, үр хүүхдүүд, ах дүү, төрөл төрөгсөд, шавь нарынх нь төлөөлөл нь хүндэтгэн хүлээж авав.

Н.Баатарсүрэн гуай боловсролын салбарт 50 гаруй жил ажиллахдаа мянга мянган шавь бэлтгэж, шавь нартаа математикийн ухааныг зааж сургахаас гадна өөрийн хүүхдүүддээ ч мөн мэргэжлээ өвлүүлжээ. Хоёр хүү, хоёр бэр нь математикийн багш мэргэжил эзэмшиж аймгийнхаа боловсролын салбарт ажиллаж байна.

Аймгийн Засаг дарга М.Амарсанаа:Хүүхдүүдийн ирээдүйн төлөө зүрх сэтгэлээ өгч одоо ч оюун ухаан, эрдэм мэдлэгээ түгээж яваа буурал багшид баяр хүргэн сайн сайхныг хүсэж хүндэтгэл үзүүлэв. Мөн
"Сүрээр дарагч" хэмээх гал морин жилийн анхны гавьяат гэдгийг онцлоод, булган сүүлтэй байхын ерөөл өргөлөө.


