Ховд аймаг Согтууруулах ундаагаар худалдаа үйлчилгээ явуулдаг 379 аж ахуйн нэгжид шалгалт явуулж 111 аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг цуцлахаар шийдвэрлэжээ.


Согтууруулах ундаагаар худалдаа үйлчилгээ явуулдаг аж ахуйн нэгжүүдэд аттестатчилал явуулсан шалгалтын ажлын хэсэг хуралдлаа. Ховд аймгийн ИТХ-ын 2014 оны 10 дугаар сарын 29-ны өдрийн 227 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангуулах, согтууруулах ундаагаар худалдаа үйлчилгээ явуулдаг аж ахуйн нэгжүүдийн стандарт шаардлагад үнэлгээ хийх зорилгоор Засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн А/467 дугаар захирамжаар 17 сумын 379 аж ахуйн нэгжид холбогдох мэргэжлийн байгууллагууд шалгалт хийсэн. Шалгалтыг аймгийн Засаг даргын  орлогч Ш.Батсүхийн баталсан удирдамжийн дагуу, “Худалдааны газар, түүний үйлчилгээ” МNS 5021-2007, “Хоолны газрын ангилал зэрэглэл үндсэн шаардлага” МNS 4946-2005, “Худалдааны агуулах ерөнхий шаардлага МNS 5364-2011” стандартуудын шаардлагыг аймгийн төвд 90 хувь, суманд 85 хувь хангасан эсэхэд үнэлгээ өгч ажиллаа.
Шалгалтанд хамрагдсан 379 аж ахуйн нэгжээс 268 аж ахуйн нэгж тэнцэж, шалгалтанд тэнцээгүй, стандартын шаардлага хангаагүй, Монгол Улсын Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчин захиргааны арга хэмжээ авагдаж байсан 111 аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг цуцлахаар шийдвэрлэлээ. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 29.2 хувь буюу 4.1-ээр цөөрүүлсэн байна гэж аймгийн Цагдаагийн газраас  мэдээллээ.



Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ