
Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 105 жилийн ойг тохиолдуулан аймгийн Засаг даргын нэрэмжит Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын дунд
“Марш тусгай бэлтгэлийн аварга тасаг” шалгаруулах тэмцээнийг өнөөдөр /2026.03.11/ амжилттай зохион байгуулав. Тэмцээний нээлтэд аймгийн Засаг даргын орлогч Л.Энхбаяр оролцож амжилт хүслээ.

Жил бүр уламжлал болгон явуулдаг тус тэмцээнд Ховд аймаг дахь Төрийн цэргийн болон хууль сахиулах зургаан байгууллагын 70 гаруй алба хаагч оролцож:
-Жагсаалын үзлэг,
-Галын бэлтгэл,
-Биеийн тамирын норматив боловсруулах,
-10 километрийн гүйлт /9 даалгавар гүйцэтгэх/ гэсэн 2 үе шаттайгаар цэрэгжилтийн бэлтгэл бэлэн байдал, тэсвэр хатуужлаа сорин өрсөлдөв.

Тэмцээний нийлбэр дүнгээр:
Зэвсэгт хүчний 123 дугаар анги тэргүүн байранд,
Баруун бүсийн төв Ховд Онцгой байдлын газар дэд байранд,
Булган сум дахь Зэвсэгт хүчний 325 дугаар ангийн 305 дугаар салбар гутгаар байрт шалгарлаа.
Шилдэг тасаг, тамирчдын шагналыг энэ сарын 17-ны өдөр зохион байгуулах арга хэмжээний үеэр гардуулна.
Ховд аймаг дахь Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын бие бүрэлдэхүүний цэргийн хэргийн мэдлэгийг дээшлүүлэх, биеийн тамир, спортыг бүх нийтийн хүртээл болгох, сонирхогчдын хүрээг өргөжүүлэх, тэдний эрүүл мэнд, чийрэгжилт, бие бялдрыг хөгжүүлэх замаар байлдааны болон хуулиар хүлээсэн бусад үүрэг гүйцэтгэх бэлтгэл түвшнийг дээшлүүлэхэд чухал ач холбогдолтой.

