АНУ-аас ирсэн сайн дурын эмч нар Ховд аймагт ажиллаж байна.

АНУ-ын Калифорни мужийн Лос Анжелес хотын “Leading hope” олон улсын сайн дурын байгууллагын эмч, ажилчид Ховд аймагт ажиллаж байна. Тэдгээр эмч нарыг “Цагаан уул” амралт сувиллын газарт эмчлүүлж буй ахмадуудад үзлэг хийх үеэр аймгийн Засаг даргын Нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ч.Уранчимэг очиж уулзлаа. “Цагаан Уул” ахмадын амралт сувиллын газарт одоогийн байдлаар 8 ахмад хэвтэн эмчлүүлж байгаа аж. Эмч нар ахмадуудад үзлэг оношилгоо хийгээд зогсохгүй харааг нь шалгаж, харааны шил болон АНУ-д үйлдвэрлэсэн олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн эм тариа, витамин бэлэглэв. Америктаа гуравт ордог олон улсын томоохон эмнэлэгт ажилладаг эдгээр эмч нар энэ удаад зүрх судасны эмч, доктор Холигоор ахлуулан 31 хүний бүрэлдэхүүнтэйгээр Ховд аймагт дөрвөн хоногийн хугацаанд ажиллаж байгаа бөгөөд энэ хугацаанд зорилтот бүлгийн иргэдэд үнэ төлбөргүй үзлэг оношилгоог хийх юм. Мэс засал, эмэгтэйчүүд, мэдээгүйжүүлэлтийн гэх мэт дотроо төрөлжсөн эдгээр эмч нар зарим жижиг оврын багаж тоног төхөөрөмжөө авч ирэн үзлэг хийж байгаа бөгөөд Ховд аймагт ажиллаад буцахдаа энэхүү тоног төхөөрөмжөө манай аймгийн эмнэлэгт хандивлах аж. Анх 2001 оноос үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн энэхүү сайн дурын байгууллага өнгөрсөн 15 жилийн хугацаанд Чили, Энэтхэг, Мексик, Хятад, Узбекстан гэх мэт дэлхийн 40 орчим улсад очин үзлэг оношилгоо хийж байжээ. Энэхүү сайн дурын багийн хамгийн ахмад настай нь 80 настай бол хамгийн залуу гишүүн нь 18 настай аж. Ийнхүү ажиллахдаа орон нутгийн зүгээс ямар ч зардал гаргахгүй байгаа бөгөөд дахиад олон удаа ирж ажиллах бодолтой байгааг аймаг, орон нутгийн удирдлагуудын зүгээс харж үзэх хүсэлтийг аймгийн Засаг даргын Нийгмийн бодлого хариуцсан орлогч Ч.Уранчимэгт тавьлаа.

                                                                                                                                                Сэтгүүлч Б.Ундармаа


Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ