“Хавдрын эсрэг үндэсний аян”-ы орон нутаг дахь үзлэг оношилгоо Ховд аймагт үргэлжилж байна.

Ховд аймгийн хувьд 80 гаруй мянган хүн амтайгаас 2016 оны хагас жилийн байдлаар хавдар судлалын хяналтанд 412 хүн бүртгэгдснээс шинээр 92 хавдар бүртгэгдсэн байна. Үүнээс үзэхэд хавдартай  3 хүн тутмын 2 нь хожуу хорт хавдартайгаар оношлогдож байна хэмээн мэргэжлийн эмч нар үзэж байна.
Нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал болоод буй хорт хавдартай тэмцэхэд хорт хавдраас урьдчилан сэргийлэх, эрсдэлт бүлгийг үзлэгт хамруулах, эрт илрүүлэх, хорт хавдар үүсгэгч халдвараас сэргийлэх тухай хүн амын мэдлэгийг дээшлүүлэх зэрэг нь ихээхэн ач холбогдолтой юм. Иймээс ХААН Банк Сан, Хавдар Судлалын Үндэсний Төв, МҮОНРТ хүн ардад хорт хавдраас урьдчилан сэргийлэх мэдээлэл хүргэх,
 эрт оношлохын ач холбогдлыг сурталчлан таниулах зорилгоор хамтарсан “Хавдрын эсрэг үндэсний аян”-ийг сүүлийн 6 жил дараалан хэрэгжүүлэн ажиллаж байна.
 Энэ хугацаанд монгол орныг тойрон 21 аймгийн 90мянга орчим хүнд хавдрын үзлэг оношлогоо хийснээс  Ховд аймагт 4 дэх жилдээ Хавдар судлалын үндэсний төвийн эмч нарын баг ажиллаж байна. Аяны хүрээнд  Хавдрын нарийн мэргэжлийн эмч нарын баг энэ сарын 5-аас 12-ныг дуустал Ховд аймгийн БОЭТ-д ажиллах юм. Өнгөрсөн 2015 оны байдлаар  1701 хүнд хавдрын үзлэг оношлогоо хийснээс 382 хүн хавдартайгаар бүртгэгдсэнээс шинээр 161 хорт хавдар бүртгэгдсэн байна. Ховд аймгийн хувьд ялангуяа  хоол боловсруулах эрхтэний хавдар их байдгаас элэг, ходоод, улаан хоолойн хавдар зонхилож байгаа бөгөөд 2015 оны байдлаар  энэ өвчний улмаас 121 хүн нас барсан тоон үзүүлэлт байгаа юм аа.  Хавдрын эсрэг үндэсний аяны хүрээнд хавдраас урьдчилан сэргийлэх, эрүүл амьдралын хэв маягийг хэвшүүлэх зөвлөгөө мэдээллийг иргэдэд хүргэхийн зэрэгцээ орон нутгийн эмч, мэргэжилтнүүдэд хорт хавдрын оношлогоо, эмчилгээний талаар сургалт зохион байгуулж байна. Мөн түүнчлэн ХААН Банк нь  орон нутгийн 2000 гаруй ажилтнаа эрүүл мэндийн сайн дурын идэвхтэнээр бэлтгэж хавдарын  өвчнөөс урьдчилан сэргийлэх мэдээллийг олон нийтэд түгээгээж байна. 
 Хавдар Судлалын Үндэсний Төвийн  эмч нарын баг улс орон даяар ажиллаж, иргэдийг хавдарын  өвчнөөс урьдчилан сэргийлэх үзлэг оношлогоонд үнэ төлбөргүй хамруулж байгаа нь аяны хүрээнд хийж буй хамгийн чухал ажил болж байна.  Энэ жилийн хувьд нийт 8 аймагт уг аяныг хэрэгжүүлж байгаа бөгөөд тус аяны эмч нарын баг Ховд, Хөвсгөл, Завхан, Сэлэнгэ аймгуудад үргэлжлэн ажиллаж, ард иргэдийг хавдрын нарийн мэргэжлийн үзлэг оношлогоонд хамруулах юм байна. 

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ