
Ховд их сургууль нь байгуулагдсан цагаасаа эхлэн эрдэм шинжилгээ судалгааны ажилд анхаарлаа хандуулсаар ирсэн билээ. Энэ жил “Ойрад монголчуудын биет бус соёлын өв” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний бага хурал V дахь удаагаа тус сургууль дээр 2016 оны 9 сарын 16-18 хооронд зохион байгуулагдах гэж байна. Анх 2009 онд ХИС-ийн НХУС-иас эрхлэн зохион байгуулсан Ойрад судлал ОУЭШБХ анх “Тод үсгийн 360 жилийн ой”-д зориулан “Тод үсгийн 360” сэдвээр зохион байгуулагдав. Тус ОУЭШХ-д БНХАУ-ын Шинжиан, ӨМӨЗО, Япон, Монгол улсын ШУА, МУБИС, “Тод номын гэрэл” төвийн эрдэмтэн судлаачид оролцож, тод үсгийн судлалын байдал, үсэгзүй, судрын тархац, дурсгал зэрэг өргөн хүрээтэй асуудлаар 30 илтгэл хэлэлцүүлж байв.
Ойрад судлал ОУЭШБХ 2010 оноос эхлэн 2 жилд 1 удаа зохион байгуулагдах болж дараах сэдвүүдээр зохион байгуулагдаж байлаа. Үүнд: “«Ойрад судлал: Өнөө ба ирээдүй». Олон улсын эрдэм шинжилгээний бага хурал. Ховд., 2010-09-18–19”, “Ойрад судлал: Ойрад монголын түүх, соёлын зүтгэлтнүүд” Олон улсын эрдэм шинжилгээний бага хурал. Ховд. 2012-09-20–23), XVII зууны үеийн Монголын төр шашны нэрт зүтгэлтэн, тусгаар тогтнолын төлөө тууштай тэмцэгч Галдан бошигт хааны мэндэлсний З70 жилийн ойг тохиолдуулан “Галдан бошигт судлал” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал (Ховд хот, 2014.07.24).

Ойрад судлал ОУЭШ Y бага хурлын бэлтгэлийг хангахаар ХИС-ийн захирлаар удирдуулсан ажлын хэсэг гарган ажиллаж байна.
Тус хуралд одоогийн байдлаар Орос, Япон, БНХАУ, Казахстан зэрэг 4 орны судлаачид оролцож, нэгдсэн болон 2 салбар хуралдаануудад нийт 30 илтгэл сонсож, 6 илтгэл ханаар хэлэлцүүлэхээр болоод байна.
Хуралд Монгол улсын томоохон эрдэм шинжилгээний байгууллага, их сургуулиудаас төлөөлөл оролцож байна. Тухайлбал, ШУА-ийн ХЗХ-ийн захирал, Академич, Хэл шинжлэлийн шинжлэх ухааны доктор (Sc.D), Монгол улсын Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн Л. Болд, МУБИС-ийн ТНУС-ийн Монголын түүхийн тэнхимийн багш, Тод номын гэрэл төв ТББ-ийн гүйцэтгэх захирал, проф, Түүхийн ухааны доктор (Ph.D) На. Сүхбаатар нар урилгаар оролцож байна. Түүнчлэн Эрдэнэт хотоос хоёр төлөөлөл ирж оролцоно.
Гадаадын зочид төлөөлөгчдөөс Тувагийн хүмүүнлэгийн болон хэрэглээний нийгэм эдийн засгийн судалгааны хүрээлэнгийн орлогч захирал, хэл шинжлэлийн ухааны доктор (Ph.D) Орус-оол Светлана Монгуовна, тус хүрээлэнгийн Монгол судлалын секторын эрхлэгч, хэл шинжлэлийн ухааны доктор (Ph.D) Б. Баярсайхан, Уран зохиол судлалын секторын эрхлэгч, хэл шинжлэлийн ухааны доктор Донгак Уран Алдын-ооловна, Аман зохиол судлалын секторын эрхлэгч, боловсрол судлалын ухааны доктор М.Б. Кунгаа, Археологийн секторын эрхлэгч, Түүхийн ухааны доктор Л.Д. Чадамба нарын зэрэг өргөн төлөөлөл бүхий 9 хүний бүрэлдхүүнтэй баг оролцож байна.

ОХУ-ын ШУА-ийн Сибирийн салбарын гүн ухаан эрх зүйн хүрээлэнгийн тэргүүлэх эрдэм шинжилгээний ажилтан, гүн ухааны шинжлэх ухааны доктор (Sc.D) Дмитрий Владимирович Винник, тус хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан, гүн ухааны доктор (Ph.D) Дмитрий Викторович Ушаков нарын 4 хүний бүрэлдхүүнтэй баг, Япон улсын төлөөлөгч Т.Мое оролцож байна.
БНХАУ-ын Хөх нуурын үндэсний их сургуулиас Цэрэнбал, Рэнзэн, Женин сургуулийн судлаач Мандуул, ШУӨЗО-ны Баянголын Монгол дээд зэргийн дунд сургуулийн судлаач Э.Бадамраа нар илтгэл тавьж оролцож байна.
Казахстан улсын төлөөлөл Академич Е.А. Букетовагийн нэрэмжит Карагандагийн их сургуулийн Сарыаркинскийн археологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Виктор Александрович Новоженов, Эмма Радиковна Усманова, Марина Васильевна Бедельбаева нар ханаар илтгэлээ хэлэлцүүлж байна.
Түүнчлэн хөрш аймгаас Увс аймгийн Боловсрол, соёлын газрын Түүх-Нийгмийн ухааны сургалт хариуцсан мэргэжилтэн, Түүхийн ухааны доктор (Ph.D) И. Ганболд, ШУА-ийн Баян-Өлгий аймаг дахь Эдийн засгийн судалгааны төвийн эрдэм шинжилгээний ажилтан Б. Жаргалсайхан, Н. Эрдэнэбаяр болон Хэл шинжлэлийн ухааны доктор С. Гаура нарын зэрэг багш судлаачид оролцож байна.
Ийнхүү үйл ажиллагаагаа эхлэхэд бэлэн болоод байгаа “Ойрад монголчуудын биет бус соёлын өв” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний бага хуралд та бүхнийг оролцохыг урьж байна.
Зохион байгуулагч: Ховд их сургууль