Санхүүгийн үйлчилгээг иргэд, аж ахуй нэгжүүдэд тэгш хүртэх боломжийг нэмэгдүүлэв.


Монголбанкны Ховд салбарын хянан шалгагч Л.Дүгэрсүрэнтэй ярилцлаа.

 -Монголбанк зээлийн мэдээллийн сангаас 25621 зээлдэгчийн зээлийн мэдээллийг лавлагаанд тусгахгүй байхаар зохицуулсан тухай мэдээллээ. Энэ тухай тайлбар өгнө үү?

-Банк санхүүгийн байгууллагууд иргэд, аж ахуйн нэгжид зээл олгохдоо Монголбанкны зээлийн мэдээллийн сангийн лавлагаанаас зээлдэгчийн талаарх мэдээллийг авч мэдээлэлдээ үндэслэн шийдвэр гаргадаг. Зээлдэгч авсан зээлээ хугацаа хэтрүүлж төлсөн бол  зээлийн мэдээллийн санд хугацаа хэтэрсэн болон чанаргүй гэсэн ангилалд бүртгэгддэг. Мэдээллийн санд ангилагдсан зээлийн түүхтэй зээлдэгчид зээл олгохыг хориглосон хууль эрх зүйн зохицуулалт байхгүй боловч банк санхүүгийн байгууллагууд зээл эргэн төлөгдөхөд учирч болох эрсдлээс сэргийлж зээл олгохоос татгалзах явдал нийтлэг гардаг. Үүнээс болж иргэдэд дахин зээл авахад ихээхэн хүндрэл дарамт үүсдэг. Тиймээс Монголбанкны зүгээс зээлийн мэдээллийн сангийн програмд өөрчлөлт оруулж, нэг жилээс ихгүй хугацааны зээлийн гэрээтэй, авсан зээлийн хэмжээ нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 12 дахин нэмэгдүүлснээс ихгүй хэмжээтэй зэрэг тодорхой нөхцөлийг хангасан зээлийн түүхийн мэдээллийг лавлагаанд тусгуулахгүй байх нэг удаагийн зохицуулалтыг хийсэн юм. Монголбанкны зээлийн мэдээллийн сангаас 25621 зээлдэгчийн зээлийн мэдээллийг лавлагаанд тусгахгүй байхаар 2017 оны 2 дугаар сарын 10-ны өдөр зохицууллаа. Тус зохицуулалтад анх авсан зээлийн хугацаа нэг жилээс илүүгүй, өөрөөр хэлбэл зээлийн гэрээ нь нэг жил хүртлэх хугацаагаар байгуулагдсан, мөн хугацаанд олгосон зээл нь хөдөлмөрийн хөлсний доод  хэмжээг 12 дахин нэмэгдүүлсэнтэй буюу 2.9 сая төгрөгөөс ихгүй, зээлдэгч нь зээлийн түүхэндээ зөвхөн нэг удаа эргэн төлөлтийн зөрчил гаргасан ч  2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс өмнө зээл нь бүрэн төлөгдөж дууссан зээлийн мэдээлэл хамрагдав. Энэхүү арга хэмжээ нь  санхүүгийн үйлчилгээг иргэд, аж ахуйн нэгжүүдэд тэгш хүртээх боломжийг дахин олгож байна.  Иймд дээрх шийдвэр нь тус саад хүндрэлийг бууруулахын тулд банкны системийн зээлийн эрсдэлд сөрөг нөлөө үзүүлэхгүйгээр хэрэгжүүлсэн нэг удаагийн бодлогын арга хэмжээ болно.

-Энэ оны нэг сарын сүүлээс өмнө зээлээ төлсөн байх ёстой гэхээр 2017 оноос өмнөх онуудад бүртгэгдсэн мэдээллүүд хамрагдана гэж ойлгож болох уу?
 
-Тийм ээ, Монголбанкны зээлийн мэдээллийн сангийн мэдээлэл 10 жил хадгалагддаг. Тэгэхээр тухайн хугацаан дахь мэдээллүүдээс шаардлага хангасан мэдээллүүд банк санхүүгийн байгууллагуудад харагдах лавлагаанд тусгагдахгүй.

-Аж ахуйн нэгжүүдэд энэ шийдвэр хамаатай юу?
 
-Хамаатай байлгүй яахав. Монголбанкнаас авч хэрэгжүүлсэн энэхүү бодлогын арга хэмжээ хөгжиж буй эдийн засагтай улс орнуудад ч бас хэрэгждэг. Санхүүгийн үйлчилгээг иргэд, аж ахуйн нэгжүүдэд тэгш хүртээх бодлогын үүднээс хэрэгжүүлдэг арга хэмжээ юм. Тиймээс адилхан хамрагдана. Тавигдах шаардлага нь иргэн аж ахуйн нэгж гэж ангилж ялгаж үзээгүй учраас аль аль нь үндсэн гурван шалгуурт шүүгдсэн.

-Яагаад нэг удаагийн арга хэмжээ авах шийдвэр гаргасан юм бэ?
 
-Энэ бол хариуцлагатай холбоотой асуудал. Тийм болохоор үргэлжлүүлэх боломжгүй. Өөрөөр хэлбэл тухайн зээлдэгч зээлийн гэрээгээ заавал биелүүлэх үүрэгтэй. Тэгвэл яагаад ийм арга хэмжээ авсан юм бэ? гэж асуух байх.  Ялангуяа иргэд их хүсэлт тавьдаг, мөн нөгөө талдаа банкууд зээлийн эрсдэлтэй зээлдэгчдэд санхүүгийн үйлчилгээ үзүүлэхээс татгалздаг.
 
Энэ жилээс Монголбанк хөдөө орон нутгийн иргэдтэй сургалт, уулзалтууд хийдэг болоод байна. Уулзалтын үеэр ч мөн яг энэ асуудлаар иргэдийн дийлэнх нь нааштайгаар шийдэж өгөх боломжийг хүсч байсан юм. Гол төлөв цалин хөлс нь цагтаа буугаагүйгээс болж хугацаа оройтуулж төлж байсан гэсэн шалтгаануудыг иргэд хэлдэг. Хэдий зээлээ төлөөд хэдэн жил өнгөрсөн ч найдваргүй зээлдэгчийн ангилалд бүртгэгдсэн л бол дахин зээл авах боломжоор хязгаарлагдчихдаг. Тийм болохоор санхүүгийн үйлчилгээг тэгш хүртэх эрхээр хангах, санхүүгийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор нэг удаагийн арга хэмжээг ийнхүү аваад байна. Монголбанк энэ шийдвэрийг гаргахдаа  банкны системийн зээлийн эрсдэлд сөрөг нөлөө үзүүлэхгүйгээр зохицуулалтыг хийсэн. Дахин хэлэхэд, тавигдсан шаардлагуудыг хангасан зээлийн мэдээллийн түүхүүд нь бага дүнтэй, хугацаа богино, хамгийн гол нь эргэн төлөгдсөн бол нэг удаагийн арга хэмжээнд хамрагдах боломжоор хангагдаж байна. Иймд цаашид зээлдэгчид дахин зээл авах боломжоо гаргахын тулд гэрээний үүргээ хариуцлагатай биелүүлэх хэрэгтэй л дээ. Нөгөө талаас банкууд зээлдэгчээ бодитойгоор үнэлж, зээлдэгчийн санхүүгийн хэрэгцээг хангах шаардлагатай байна.

-Зээлдэгчид дахин зээл авах боломжтой болсноор тодорхой хэмжээнд гарааны зээлийн олголт хэвийн явагдах болов уу?

. Энэ 25621 зээлдэгчийн мэдээллийг зээлийн мэдээллийн лавлагаанд тусгахгүй болсноор тэд жирийн зээлдэгчийн түүхтэй боллоо. Тэгэхээр бусадтай адил зээл авах эрхтэй болж байна гэсэн үг. Мэдээж эдгээр зээлдэгч дунд зээл аваад эргэн төлөх чадвартай хүмүүс байгаа. Тэд зээлээ аваад явбал эдийн засагт тодорхой хэмжээгээр эерэгээр нөлөөлнө.

-Сүүлийн үед Монголбанкийг 50,000 төгрөгийн тэмдэгт хэвлэж гүйлгээнд нэвтэрүүлэх гэж байгаа тухай мэдээлэл тархаж байна. Энэ талаар мэдээлэл өгнө үү?

-УИХ холбогдох бүрэн эрхийнхээ хүрээнд шийдвэр гаргаснаар Монголбанк нь Төв банк (Монголбанк)-ны тухай хуулийн холбогдох заалтын дагуу шинэ төрлийн мөнгөн тэмдэгт гүйлгээнд гаргадаг. Хэдийгээр Монголбанк хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан байр сууриа илэрхийлж байсан ч ташаа мэдээлэл газар авч, улмаар 50,000 төгрөгийн дэвсгэртийн зохиомол загвар үзүүлж олон нийтийг төөрөгдөлд оруулж байна. Тийм учираас энэ бол огт үндэслэлгүй зүйл юм гэдгийг хэлье.


Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ