Зооноз өвчин судлалын үндэсний төвийн шинжилгээний эцсийн хариугаар...


Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн иргэн М нь тарваган тахал өвчнөөр өвчилсөний улмаас Ховд аймгийн БОЭТ-ийн Халдвартын тасагт хэвтэн эмчлүүлж байна. БОЭТ-ийн халдвартын их эмч Г.Оюунцэцэгийн өгсөн мэдээллээр өвчтөн М-ийн биеийн байдал хэвийн, эмчилгээ үргэлжилж байгаа гэлээ. Тарваган тахал нь уушигны, булчирхайн, залгиур хоолойн, гэдэсний, арьсны гэсэн 5 хэлбэрээр өвчилдөг бөгөөд иргэн М нь залгиур хоолойн хэлбэрээр өвчилсөн болох нь Зооноз өвчин судлалын үндэсний төвийн шинжилгээний эцсийн хариугаар тогтоогджээ. Өвчтөн М-хэлэхдээ: Тарвага өвчиж байгаад гараа эсгэн гарыхаа цусыг шимж залгисан гэжээ. Тиймээс тухайн өвчтөний залгиур хоолойноос арчдас авч шилжүүлсэн байна.


Уг өвчтөний 1-р хавьтагч болох 11 хүнийг эмчийн хяналтанд байлгаж, өдөрт 2-3 удаагийн үзлэг хийж, зохих шинжилгээг авч, эмийн эмчилгээг хийж байгаа ба одоогоор өвчний ямар нэгэн шинж тэмдэг илрээгүй гэх мэдээллийг мэргэжлийн байгууллагаас өгч байна. Урьдчилан сэргийлэх үүднээс Ховд аймгийн онцгой комиссын шийдвэрээр 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 18.00 цагаас 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 23.00 цаг хүртэлх хугацаанд хүнсний болон бараа, түүхий эдийн захууд, үзвэр үйлчилгээ, тэмцээн уралдаан, сургалт семинар, үзэсгэлэн худалдаа, бар, ресторан зэрэг олон нийтийг хамарсан үйл ажиллагаа явуулдаг үйлчилгээний газруудад хорио цээрийн дэглэм тогтоогоод байгаа. Ховд аймгийн Засаг даргын орлогч Ш.Батсүхтэй утсаар холбогдон үүссэн нөхцөл байдлын талаар мэдээлэл авахад: Тарваган тахлын халдварын нууц үе 6 хоног байдаг ба энэ хугацаанд ямар нэгэн шинж тэмдэг илрээгүй дахин тохиолдол бүртгэгдээгүй бол хорио цээрийн дэглэмийг бууруулна гэлээ.



Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ