ХИС, БНХАУ-ын Хөхнуурын үндэстний их сургууль хооронд “2017-2019 онд хамтран хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө”-нд гарын үсэг үзэглэв



ХИС-ийн Захирал В.Сайнбаяр тэргүүтэй төлөөлөгчид БНХАУ-ын Чинхай мужийн Шинин хот дахь Хөхнуурын үндэстний их сургууль, Ганьсу мужийн Ланьжоу хот дахь Баруун хойтын үндэстний их сургуульд тус тус ажлын айлчлал хийж, туршлага судаллаа. Айлчлал Хөхнуурын үндэстний их сургуулиас эхэлсэн бөгөөд хоёр сургуулийн удирдлагууд уулзалт хийн цаашдын харилцаагаа өргөжүүлж бодит хамтын ажиллагааг идэвхжүүлэх талаар санал солилцож, тодорхой асуудлуудад шийдвэрт хүрлээ.
Уулзалтад ХИС-ийн талаас Захирал В.Сайнбаяр, Сургалтын бодлого, төлөвлөлт эрхэлсэн дэд захирал Б.Нямдорж, Эдийн засаг, хөгжил эрхэлсэн дэд захирлын үүрэг хавсран гүйцэтгэгч, Төгсөлтийн дараах сургалтын албаны менежер Л.Нямсүрэн, Гадаад харилцаа, хамтын ажиллагааны албаны ахлах мэргэжилтэн Ж.Ганцоож, Хөхнуурын үндэстний их сургуулийн талаас Захирал Суо Дуаньжи, Дэд захирал Ма Чөнжүн тэргүүтэй Гадаад харилцаа, Эрдэм шинжилгээ, Сургалтын албадын дарга нар, Монгол судлал, Төвд судлал, Олон улсын харилцаа, Урлаг судлалын сургуулиудын захирлууд болон холбогдох мэргэжилтнүүд оролцлоо.



Уулзалтын үеэр ХИС-ийн Захирал В.Сайнбаяр, Хөхнуурын үндэстний их сургуулийн захирал Суо Дуаньжи нар хоёр сургууль хамтран хэрэгжүүлэх 2017-2019 оны  ажлын төлөвлөгөөнд гарын үсэг зурж баталгаажуулсан байна. Тус төлөвлөгөөнд бакалавр, магистр, докторын түвшинд оюутан солилцох, хамтарсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, багш, ажилтан харилцан туршлага судлуулах, хурал зөвлөгөөнд оролцуулах, лекц семинар уншуулах замаар хүний нөөцийг чадавхжуулах, бакалаврын хос дипломын хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэх бэлтгэл хангах зэрэг 10 гаруй ажлыг тусгасан бөгөөд эдгээр ажлуудыг хийхэд гарах зарим зардал болон тулгарах бэрхшээлүүдийг шийдвэрлэх арга замыг хэлэлцэн тохиролцлоо. Уулзалтын төгсгөлд профессор хоорондын харилцаанд тулгуурлан байгуулсан ХИС, Хөхнуурын үндэстний их сургууль хоорондын хамтын ажиллагаа бодит үр дүнгээ өгөх боломж бүрдсэнд талууд баяртай байгаагаа илэрхийлж, цаашдын хамтын үйл ажиллагаанд амжилт хүслээ.


Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ