Баатархайрхан өрхийн ЭМТ "Олон нийтийн оролцоот эмнэлэг" болно



Монгол Улсад Нийгмийн Эгэх хариуцлагыг бэхжүүлэх хөтөлбөрийн хүрээнд Дэлхийн банк, Швейцарийн Хөгжлийн агентлагийн санхүүжилтээр Хүүхдийг ивээх сангаас Ховд аймгийн эрүүл мэндийн анхан шатны байгууллагуудын тусламж үйлчилгээг сайжруулах "Олон нийтийн оролцоот эмнэлэг" дэд төслийг 2019 оны 05-р сарын 01-нээс эхлэн 11-р сарын 30 хүртэл хэрэгжүүлж байна. Энэхүү төсөлд Жаргалан, Баатархайрхан өрхийн эрүүл мэндийн төв болон Үенч сумын хүн эмнэлэг, Мөст сумын сум дундын эмнэлэг хамрагдаж байгаа юм.Тэгвэл төсөл хэрэгжиж байгаа Баатархайрхан өрхийн ЭМТ дээр төслийн нээлтийн үйл ажиллагааг  зохион байгууллаа.  Нээлтийн үйл ажиллагаанд төслийн орон нутгийн зохицуулагч,төслийн багийнхан, аймгийн ЗДТГ, ЭМГ гэх мэт байгууллагуудын төлөөллүүд оролцож  "Олон нийтийн оролцоот эмнэлэг" дэд төслийн зорилго, зорилтын талаар иргэдэд мэдээлэл хүргэх, төслийг үр дүнтэй хэрэгжүүлэхэд иргэд олон нийтийн оролцоог хангах арга хэлбэрийн талаар нэгдсэн ойлголт өгч иргэдийн саналыг сонсов. 



Баатархайрхан өрхийн ЭМТ нь 4 их эмч, 4 бага эмч, туслах ажилтан 2, нябо 1 нийт 11 орон тоотойгоор Жаргалант сумын Баатархайрхан, Алаг толгой, Бичигт, Тахилт багийн  болон түр оршин суугч 2313 өрхийн 9166 хүн амд төрөөс үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээг гэрээгээр үзүүлэн ажиллаж байна. Энэхүү төсөл хэрэгжсэнээр эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ өрхийн эрүүл мэндийн төвүүдэд ямар түвшинд явагдаж байгааг үнэлж, иргэдээс санал асуулга авсны үндсэн дээр эрүүл мэндийн тусламж үйлчилгээний нөхцөл байдлын үнэлгээ хийх юм. Ингэснээр тухайн эрүүл мэндийн байгууллагуудад эрүүл мэндийн анхан шатны тусламж үйчилгээг сайжруулах төлөвлөгөө боловсруулж хэрэгжүүлэх юм байна. Түүнчлэн эрүүл мэндийн тусламж үйлчилгээтэй холбоотой төрийн бодлого шийдвэрийг сайжруулж  төрөөс үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд нөлөөлж ажиллана гэдгийг төслийн багийнхан онцолж байсан юм.  









Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ