Аймгийн онцгой комисс хуралдаж, цаг үеийн асуудлуудыг хэлэлцэж шийдвэрлэлээ



2019 оны 12-р сарын 05-ны өдөр аймгийн онцгой комисс хуралдаж Баруун бүсийн төв Ховд аймгийн Онцгой байдлын газар, ХХААГ, УЦУОШГ, Зэвсэгт хүчний 123-р ангийн асуудлыг хэлэлцээд 9 заалт бүхий шийдвэрийг гаргалаа.


Хурлын эхэнд аймгийн ХХААГ-ын дарга Г.Гончигсүрэн МАА-н өвөлжилтийн нөхцөл байдал, бэлтгэл ажлын талаар, УЦУОШГ-ын дарга О.Энхзаяа цаг агаарын урьдчилсан төлвийн талаар мэдээлэл танилцуулав.

Энэ жил аймгийн хэмжээнд 61,6 мянган тонн өвс, 4000 тонн тэжээл, 7,7 мянган тонн хужир шүү бэлтгэж, ХАА-н өвөлжилтийн бэлтгэлийг бүрэн хангажээ.
Мөн 400 гаруй мянган малыг худалдан борлуулж, эдийн засгийн эргэлтэд оруулахаар төлөвлөсөн бөгөөд үүний 10%-ийг нөөцлөх ажлыг мах бэлтгэлийн компаниудтай хамтран зохион байгуулахыг аймгийн Засаг даргын орлогч Т.Жаргалсайхан, ХХААГ-ын дарга Г.Гончигсүрэн нарт үүрэг болголоо.



Аймгийн УЦУОШГ-аас гаргасан үнэлгээгээр Ховд аймгийн нийт газар нутгийн 70%-д зудын эрсдэлт нөхцөл байдал үүсэх төлөвтэй байгаа аж. Тодруулбал, Булган, Үенч, Мөст, Цэцэг, Алтай, Манхан, Буянт, Мянгад сумдын зарим багт нэн эрсдэлтэй буюу өвөлжилт хүндрэх төлөвтэй байгаа талаарх судалгааг гаргасан байна.
Одоогоор цаг агаар тогтуун байгаа ч энэ сарын 7-8-нд шилжих шөнө ихэнх нутгаар цас орох урьдчилсан төлөвтэй байгаа тул 13-ны өдрөөс эхлэн агаарын температур -10 градусаар эрс хүйтрэхийг аймгийн УЦУОШГ-аас мэдээллээ.



Тиймээс хурлаар өвөлжилт хүндэрч болзошгүй сумдад онцгой комисс, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн бэлтгэл, бэлэн байдлыг хангуулж, шаардлагатай өвс тэжээлийн нөөцийг бүрдүүлэн Улсын комисст тайлагнаж ажиллахыг холбогдох албаныханд үүрэг болголоо.



Мөн 2019 оны 5 сарын 10-ны өдрийн хүчтэй шуурганы улмаас Хар-Ус нууранд унасан малын сэг зэмийг устгах, 11 сарын 13-27-ны өдрүүдэд Булган сумын Байтаг багт хууль бусаар алт олборлож байсан иргэдийн аюулгүй байдлыг хангах зэрэг гамшиг, онцгой байдлын үеийн ажиллагаанд зарцуулагдсан зарим зардлуудыг аймгийн Засаг даргын нөөц хөрөнгөөс гаргахаар шийдвэрлэлээ.



Үүнээс гадна тус хурлаар Эсбагийн 9 давхар байрнууд, 36 айлын орон сууцны дулаан халаалтын асуудлыг шийдвэрлэхэд шаардагдах нэмэлт зардал 16,5 сая төгрөгийг Техникийн хяналтын зардлаас санхүүлэх шийдвэрийг гаргасан юм.




Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ