Гэрийн тэжээвэр нохой, муурыг бүртгэн гэрчилгээжүүлэх ажил Жаргалант суманд явагдаж байна



Мал амьтны эрүүл мэндийн тухай хууль, “Малын эрүүл мэнд” аймгийн дэд хөтөлбөрийн хүрээнд аймгийн Засаг даргын шийдвэрийн дагуу Ховд аймгийн Мал эмнэлгийн газар, Жаргалант сумын ЗДТГ хамтран Жаргалант сумын 12 багийн нутаг дэвсгэрт байгаа гэрийн тэжээвэр нохой, муурт эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх, бүртгэж гэрчилгээжүүлэх ажлыг 12 дугаар сарын 02-12-ны өдрүүдэд зохион байгуулж байна.



Энэ удаа гурван ажлын хэсэг томилогдож, Жаргалант сумын иргэдийн бүртгэл, судалгааны дагуу айл өрхүүдээр явж тэжээвэр нохой, муур бүртгэж байна. Улмаар бүртгэсэн нохой, муурт малын эмч эрүүл мэндийн үзлэг, шимэгчтэх өвчний эсрэг туулгалт хийж, галзуу өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцин тарьж байгаа юм. Энэ хүрээнд одоогийн байдлаар 9 багийн 250 гаруй нохойнд гэрчилгээ олгож, тусгай дугаар бүхий пайз зүүжээ. 



Мөн холбогдох ажлын хэсгийнхэн нохой, муур эзэмшигч иргэдэд эрүүл ахуй, ариун цэвэр, аюулгүй байдлыг хангахтай холбогдсон зөвлөмж өгч ажиллаж байна. Энэхүү ажлыг хэрэгжүүлснээр нохой, муурнаас үүдэлтэй халдварт, шимэгчтэх өвчнөөс хүн, мал амьтныг хамгаалах, эрүүл мэндэд эрсдэл учруулж болзошгүй сөрөг нөлөөнөөс урьдчилан сэргийлэхэд чухал ач холбогдолтой.



Тус ажлын хүрээнд цаашид Хайрхан, Жаргалан, Тахилт баг дээр тусгай ажлын хэсгийн бүрэлдэхүүн ажиллах бөгөөд нохой, муур тэжээж буй айл өрх, аж ахуйн нэгж, байгууллага энэхүү үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, хамтарч ажиллахыг уриаллаа. Энэ үеэр золбин нохой, муурыг бүртгэж устгах ажлыг хийх бөгөөд эзэмшигчийн хүсэлтээр эр нохойг хөнгөлөх, эм нохойн өндгөвч авах мэс засал хийхээр төлөвлөж байна.  Тус үйл ажиллагаанд хамрагдаагүй, зайлсхийсэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад холбогдох хуулийн дагуу хариуцлага тооцох болно гэдгийг Ховд аймгийн Мал эмнэлгийн газар, Жаргалант сумын ЗДТГ-аас анхааруулсан юм.

ВИДЕО:










<
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ