Хүүхэд багачуудынхаа сайн сайхны төлөө “Нэгдүгээрт хүүхэд” аянд нэгдэцгээе



Гэр бүл дэх хүүхдийн хүмүүжил, эцэг эхийн үүрэг хариуцлага, оролцоог нэмэгдүүлэх, гэр бүлийн амар тайван, аз жаргалтай уур амьсгалыг бүрдүүлэх, хүүхдийн хүсэл мөрөөдөл, зорилго, тэмүүлэлийг нэгдүгээрт тавьж, тэдний үзэл бодол, санал санаачилгыг нь дэмжих, авьяас чадварыг нь нээн илрүүлэх зорилготойгоор улсын хэмжээнд зохион явуулж буй “Нэгдүгээрт хүүхэд” аяныг аймгийн Гэр бүл, Хүүхэд залуучуудын хөгжлийн газраас эхлүүлсэн. Өнөөдрийн байдлаар  уг аянд  Жаргалант сумын Засаг даргын Тамгын газар, Ховд аймаг дахь Цэргийн гавьяаны одонт Цагдаагийн газрын алба хаагчид аймгийн Хөдөлмөр, Халамж үйлчилгээний газрын хамт олон гээд хэд хэдэн албан байгууллага хамт олноороо нэгдээд байна. Энэхүү аянд нэгдсэн байгууллагууд  “Хүүхдийн төлөө зөвлөл” байгуулж, ажилтнуудынхаа хүүхдэд  чиглэсэн үйл ажиллагаа явуулах, жилд хоёроос доошгүй удаа эрүүл мэндийн үзлэгт  хамруулах, хүүхдийн авьяас чадварыг нээх клуб, дугуйлан нээн ажиллуулах зэрэг ажлыг зохион байгуулах юм. 



2017 оны 11-р сарын 20-оос 12-р сарын 20 хүртэл сарын хугацаанд үргэлжлэх уг аяны хүрээнд аймгийн Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын хөгжлийн газраас хүүхдийн эсрэг бүхий л төрлийн хүчирхийллийг бууруулахад чиглэсэн мэдээ мэдээллийг иргэд олон нийтэд хүргэх зэрэг олон ажлыг хийж хэрэгжүүлэхээр, төлөвлөгөө гарган ажиллаж байна. Тиймээс хүн бүрийг Монгол орны хойч ирээдүй болсон үр хүүхдүүдийнхээ сайн сайхны төлөө, тэдний эрүүл аюулгүй орчинд сурч, хүмүүжих, зөв төлөвшилтэй иргэн болоход нь хувь нэмрээ оруулж, уг аянд нэгдэхийг уриалж байна.




Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ