Аймгийн Онцгой комиссын гишүүд 90 хувийн ирцтэйгээр хуралдлаа



Хурлын эхэнд уламжлалын дагуу аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Ц.Мягмарсүрэнгийн хийсэн Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын нөхцөл байдал, вакцины талаарх мэдээллийг сонсов.

Дараа нь Монгол Улсын засгийн газрын 2021 оны 45 дугаар тогтоол, Монгол Улсын Шадар сайдын 2021 оны 18 дугаар тушаал, эрсдэлийн үнэлгээ тогтоосон бүс нутагт мөрдөх шинэ журмын талаар хэлэлцэв. Мөн аймгийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан Коронавируст халдвар /КОВИД-19/-ын эсрэг вакцинаар дархлаажуулах ажлыг орон нутагт зохион байгуулах ажлын хэсгийн мэдээлэл, газар хөдлөлтийн талаарх мэдээлэл, “Үерийн аюулаас урьдчилан сэргийлэх тухай” албан даалгавар гаргах зэрэг 10 гаруй асуудлыг хэлэлцэж холбогдох хууль, Онцгой комиссын гишүүдийн саналыг үндэслэн 4 чиглэлээр тогтоол гаргалаа.


Онцолбол, Дарви, Эрдэнэбүрэн сумын Хонгио багийн хяналтын цэгийн хяналтыг өргөтгөн сайжруулах, үүрэг гүйцэтгэж буй алба хаагчдыг шаардлага хангасан хамгаалах хувцас, хэрэгслэлээр хангах, “Ковид-19”-ийн халдварыг оношлох хурдавчилсан оношлуурын нөөцийг нэмэгдүүлэх, аймгийн аюулгүйн нөөцөд бэлтгэн нөөцөлсөн өвс тэжээлийг хямдралтай үнээр малчдад хувиарлан олгохоор шийдвэрлэлээ.



Нийслэл Улаанбаатар хотод цар тахлын халдварын голомтыг зохих түвшинд хумьж шар бүсэд шилжсэн ч гэлээ халдвар хүнээс гадна бараа материалаар дамжин халдварлахыг үгүйсгэх аргагүй. Тиймээс амйгийн Онцгой комиссын гишүүд тээврийн хэрэгсэл, бараа бүтээгдэхүүнд халдваргүйтгэл хийх ажлыг мэргэжлийн хуулийн этгээдтэй гэрээ байгуулах замаар эхлүүлэх нь зүйтэй гэж үзэв. Үүнээс гадна зарим сумын эрх бүхий албан тушаалтнууд шалтгаангүй иргэдэд 13-ын А маягт бичиж өгсөн, халдвартай бүсээс ирээд гэрийн тусгаарлалтын хугацаа дуусаагүй байгаа иргэнд аймаг сум хооронд зорчих бичиг хийж өгсөн зэрэг зөрчил гаргасан учраас холбогдох албан тушаалтанд сануулах арга хэмжээ авч бусдад нь анхааруулга өглөө.



Монгол улсын Засгийн газар, Улсын Онцгой комиссын өнөөдрийн /2021.02.24/ хурлаар 03 дугаар сарын 01-ээс аймаг сумдын сургууль, цэцэрлэгийн хичээл, сургалтыг танхимаар эхлүүлэхээр шийдвэрлэсэн. Үүнтэй холбоотой мөрдөх албан ёсны дүрэм, журам, ямар нэгэн чиглэл ирсэний дараа буюу ирэх Баасан гарагт аймгийн Онцгой комиссын гишүүдийг дахин хуралдуулахаар боллоо. Дараагийн хурлаар сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг эхлүүлэхтэй холбоотой асуудлыг хэлэлцэхээс гадна орчны бохирдлыг багасгаж улирлын чанартай халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, малын сэг зэмийг устгах, цэвэрлэх зэрэг цаг үеийн хэд хэдэн асуудлыг хэлэлцэхээр төлөвлөлөө.

ВИДЕО: /Б.ДҮГЭРЖАВ ХОВД АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА, ОНЦГОЙ КОМИССЫН ДАРГА/





Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ