
Өнөөдөр /2026.02.09/ аймгийн Засаг дарга Хил хамгаалах Ерөнхий газар, Хилчин спорт хороо, 0208 дугаар ангийн тамирчин, Ховд аймгийн Манхан сумын харьяат, Гирийн спортын гурван удаагийн аварга Батболдын Баярсайханыг хүлээн авч уулзлаа.
Энэ үеэр Засаг дарга Б.Баярсайханы тамирчны амжилт, аймаг орон нутгийнхаа нэрийг дэлхийд гаргаж буй гавьяаг өндрөөр үнэлж, хүндэтгэл үзүүлэн 10 сая төгрөгийн батламж гардуулж, цаашдын спортын замналд нь амжилт хүссэн байна. Мөн гирийн спортыг аймаг орон нутагт хөгжүүлэх боломжийн талаар санал солилцов.

Б.Баярсайханы хувьд 2019 оноос буюу 16 наснаасаа Гирийн спортоор хичээллэж эхэлжээ. Түүнээс хойш буюу 2023, 2024, 2025 онуудад ДАШТ-ээс нийт долоон алт, нэг мөнгөн медаль улмаар дэлхийн гурван удаагийн аварга болсон амжилтыг үзүүлээд байна. Хамгийн сүүлд 2025 онд БНХАУ-д болсон ДАШТ-нд -68 кг-д жинд хос алтан медаль хүртжээ.
Түүний хувьд гирийн спортоос гадна жүдо, чөлөөт, самбо, жиү жицү, кураш зэрэг бөхийн төрлөөр хичээллэн улсын болон тив, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс медаль хүртсэн туршлагатай өсөж яваа залуу тамирчин юм.

Тэрбээр энэ оны аравдугаар сард Энэтхэг улсын Шинэ Дели хотод болох ДАШТ-нд амжилттай оролцох зорилт тавин бэлтгэлээ базааж байгаагаа онцоллоо

