
Өнөөдөр
/2026.04.14/ Буянт голыг хамгаалах талаар олон нийтийг хамарсан уулзалт, хэлэлцүүлэг зохион байгууллаа.
Энэ үеэр Буянт голын зуслангийн бүсийн өнөөгийн нөхцөл байдал, хөрс, усны чанарын судалгааны үр дүнг оролцогчдод танилцуулж, Буянт голын экосистемийг хамгаалах, зүлэг, усны түвшнийг сэргээх ажлыг үе шаттай зохион байгуулах чиглэлээр санал солилцов.

Буянт гол нь Монгол алтайн нуруу, Хөх сэрхийн нурууны мөнх цас мөсөн голуудаас эх аван урсдаг бөгөөд жил бүр голын усны түвшин багасаж, бохирдол нэмэгдэж байгаа нь хүний буруутай үйл ажиллагаа, зуслангийн бүсэд стандартын шаардлага хангаагүй бие засах газар, ахуйн хог хаягдал их хэмжээгээр үүссэнтэй холбоотой гэдгийг судлаачид тодорхойлжээ.
Ховд аймгийн төв буюу Жаргалант суманд амьдардаг 1000-2000 орчим өрх зуны улиралд Буянт гол дагуу зусланд гардаг. Ингэхдээ хүрээлэн буй орчноо бохирдуулж, ил задгай хог хаях, бие засах, голын усанд машин угаах, зүлгэн дээр машинаа тавих гэх мэт зөрчил гаргаж байна. Иймээс мэргэжлийн байгууллагууд зөрчлийг бууруулах ажлыг чухалчиллаа.

Мөн хэлэлцүүлэгт байгаль орчны салбарынхан болон төрийн байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн төлөөлөл оролцож, Буянт голыг хамгаалахын тулд төр - хувийн хэвшил - иргэдийн хамтын ажиллагаа, уялдаа холбоог бэхжүүлэх, хамгаалалтын бүс тогтоох, хог хаягдал, бие засах газрын асуудлыг шийдвэрлэх чиглэлд шинэ технологи, шийдэл нэвтрүүлэх, иргэдийн ухамсар, хандлагыг нэмэгдүүлэх, соён гэгээрүүлэх үйл ажиллагааг эрчимжүүлэх талаар олон санал хэллээ.

Ховд аймгийн иргэд Буянт голын хөвөөнд олон жил амарч, айлууд зусланд гардаг уламжлалтай ч одоо байгаль орчин, гол усаа хамгаалах, сэргэх боломж олгох цаг ирснийг онцлоод Буянт голын зуслангийн бүсэд айл буухыг тодорхой хугацаанд хориглох шаардлагатай гэсэн мэргэжлийн байгууллагын зөвлөмж, дүгнэлттэй зарим иргэд санал нэгдэж байгаагаа илэрхийлэв.
Энэ нь усны бохирдол, хомсдолоос сэргийлэх, зохистой ашиглалтын бодлогыг хэрэгжүүлэх, байгалийн тэнцвэрт байдлыг хангахад давуу талтай.

Үүнээс гадна мэргэжлийн байгууллагаас айл өрхийг 2-3 жил Буянт голын ай сав дагуу зусланд гаргахгүй байх талаар санал асуулга авчээ. Түүврийн аргаар зохион байгуулсан тус санал асуулгад оролцсон иргэдийн 65-70 гаруй хувь, төрийн албан хаагчдын 92 хувь нь Буянт голын эрэг дагуу зусланд гарахыг түр хугацаанд хориглох, хязгаарлахыг дэмжсэн байна.