
Билгийн тооллын XVII жарны
“Сүрээр дарагч” хэмээх гал морин жилийн босгон дээр Эрдэнэбүрэн сумаас малчин түмнээ манлайлан
“Аймгийн хошой аварга малчин өрх”-өөр хоёр,
“Аймгийн аварга малчин өрх”-өөр дөрвөн малчин өрх шалгарсан.
Тэдний нэг нь Хонгио багийн малчин Б.Бархүүгийн гэр бүл юм. Б.Бархүү, гэргий Б.Сосорбарам нарын шагналыг аймгийн Засаг даргын орлогч Л.Энхбаяр, аймгийн ИТХ-ын Төлөөлөгч Т.Баяртогтох нар өнөөдөр /2026.02.11/ гардуулан өгч баяр хүргэлээ. Мөн сум, багийн удирдлагууд баяр хүргэн хүндэтгэл үзүүлэв.

Б.Бархүүгийнх хөдөө аж ахуйн салбарт тасралтгүй 30 жил хөдөлмөрлөж, таван хошуу малаа өсгөн үржүүлэхдээ хонин сүргийг түлхүү өсгөж, үүлдэр угсааг нь сайжруулахад онцгой анхааран ажиллаж иржээ. Хонин сүргийн чанарыг дээшлүүлэх зорилгоор Увсын болон Говь-Алтайн улаан хуцаар үүлдэр угсааг нь сайжруулж байна.

Монгол Улсын Гавьяат малчин аавынхаа үйл хэргийг үргэлжлүүлэн яваа тэрбээр 2007 онд
“Аймгийн аварга малчин”-аар шалгарч байв. Мөн түүний ах
“Аймгийн аварга малчин” төрсөн дүү нь
“Сумын сайн малчин”.
Цамбагарав хайрхан уулынхаа ар, өврөөр нутаглан, бэлчээрийн онцлогт тохируулан мал сүргээ өсгөн үржүүлэхийн зэрэгцээ малч удмаа үргэлжлүүлэн хоёр хүүгээ малчин болгож, мал маллах арга туршлагаа зааж сурган, залгамж халаагаа бэлтгэж байна.

“Аваргуудын гол” гэх билэгдэлтэй Хонгио багаас ийнхүү дөрөв дэх аймгийн хошой аварга малчин төрж байна.
Тус багаас 1956 оноос хойш Монгол Улсын Гавьяат малчин, Улсын хошой аварга малчин, Улсын аварга малчин 15, Аймгийн аварга малчин 34 төрөн гарчээ.
