
Билгийн тооллын XVII жарны
“Сүрээр дарагч” хэмээх гал морин жилийн босгон дээр Эрдэнэбүрэн сумын Намаржин багийн малчин О.Бямбадоржийн гэр бүл
“Аймгийн хошой аварга малчин өрх”-өөр шалгарлаа.
Шагналыг аймгийн Засаг даргын орлогч Л.Энхбаяр, аймгийн ИТХ-ын төлөөлөгч Т.Баяртогтох нар өнөөдөр (2026.02.11) гардуулан өгч, халуун баяр хүргэв. Мөн сум, багийн удирдлагууд хүндэтгэл үзүүллээ.

Цамбагарав уулаа түшин
“Хавчуун эх” хэмээх газар нутаглан, малч удмын уламжлалыг үргэлжлүүлж буй малчин О.Бямбадорж, түүний гэргий П.Долгоржав нар 1999 оноос хойш хөдөө аж ахуйн салбарт тасралтгүй хөдөлмөрлөж байна.
Тэд мал сүргээ таван төрөлд нь өсгөн үржүүлж, үүлдэр угсаа, ашиг шимийг тогтмол сайжруулсаар иржээ. Өдгөө 1100 гаруй толгой малтай бөгөөд сүргийн бүтцийн дийлэнх хувийг бог мал эзэлж байна. Ирэх хавар 350 орчим төл хүлээн авахаар бэлтгэлээ базаажээ.

О.Бямбадорж
“Ган зуд жилд давхар тохиодоггүй” хэмээх өвгөдийн үгийг иш татан, өнгөрсөн зун гандуу байсан ч өвөл өнтэй болж, мал сүрэг тарга хүч сайтай өвөлжиж буйг онцолсон юм.
Тус гэр бүл 2015 онд
“Сумын сайн малчин”, 2017 онд
“Аймгийн аварга малчин”, 2025 онд
“Сумын шилдэг уяач” цол хүртэж байсан бөгөөд ийнхүү амжилтаа ахиулж
“Аймгийн хошой аварга малчин өрх” боллоо.

