Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлч, уран бүтээлчид сурвалжлав.


Олон ястны өлгий нутаг Ховд нутгийн зон олон тулгар төрийн 2226, Их монгол улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмаа ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүллээ. Баяр наадмын үеэр ар гэрийнхээ ажил амьдралыг хойш нь тавьж, цаг наргүй ажилладаг хүмүүсийн нэг нь хэвлэл мэдээллийнхэн байдаг юм. Жил бүрийн наадмаар халуунд нь халж, амралтаа умартан баяр наадмын үйл ажиллагааг сурвалжилж ирсэн уламжлалынхаа дагуу  орон нутгийн хэвлэл мэдээллийнхэн энэ жил  сэтгүүлч, уран бүтээлчид, инженер техникийн ажилчид гээд 20 гаруй хүний бүрэлдэхүүнтэй 2 өдрийн хугацаанд өглөөнөөс үдэш хүртэл ажиллалаа.



Тухайлбал: Орон нутгийн Ховд, Жаргалант телевизүүд, Ховдын Мэдээ сонин, Khovdnews.mn цахим сайт баяр наадмын нээлтийн үйл ажиллагааг сурвалжлан үзэгчид, уншигчиддаа цаг алдалгүй шуурхай хүргэн ажиллав.





П.Самбалхүндэв захиралтай  "ХОВД" телевизийн уран бүтээлчид Хүчит бөхийн барилдааныг, Л.Ууганбаяр захиралтай "ЖАРГАЛАНТ" телевизийн уран бүтээлчид Сур, Шагайн харваан тэмцээнийг, Ц.Даваажав захиралтай "ЭКО" телевизийн уран бүтээлчид хурдан морины уралдааныг бүрэн эхээр нь сурвалжлан ажиллалаа. Ховдчууд, наадамчид, эрхэм үзэгчид та бүхэн Тулгар төрийн 2226, Их монгол улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмаас хийсэн сурвалжлагыг орон нутгийн телевизээр хүлээн авч үзэх боломжтой юм. 




Дашрамд баяр наадмын үйл ажиллагааг сурвалжлах нөхцөл боломжоор ханган, дэмжиж ажилласан Ш.Батсүх даргатай аймгийн баяр наадмыг зохион байгуулах комисс, болон хамтран ажилласан бусад байгууллага, хамт олон, албан тушаалтан, хувь хүмүүст орон нутгийн хэвлэл мэдээллийн салбарт ажиллаж буй нийт уран бүтээлчдийнхээ өмнөөс талархал илэрхийлье.




Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ