
Монгол Улсын шадар сайд Н.Номтойбаяр өнөөдөр /2026.07.09/ Онцгой байдлын ерөнхий газарт ажиллав.
Энэ үеэр:
Үндэсний их баяр наадмын амралтын өдрүүд болон ирэх саруудад үер, усны осол, гал түймэр зэрэг болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, бүх шатны бэлтгэл, бэлэн байдлыг өндөржүүлэх үүрэг, чиглэл өглөө. Мөн Гамшгийн үед шуурхай тусламж авах боломжийг нэмэгдүүлэх зорилгоор “SOS” системийг олон нийтэд сурталчлан, өргөн хэрэглээнд нэвтрүүлэхийг холбогдох байгууллагуудад даалгав.

Онцгой байдлын байгууллагын мэдээллээр 2026 оны 7-р сарын 09-ний өдрийн байдлаар өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад гамшиг, осолд өртөж аварсан хүний тоо 26.3 хувиар, гэмтэж бэртсэн хүний тоо 24.6 хувиар, амь насаа алдсан хүний тоо 11.3 хувиар тус тус өссөн байна. Иймд аймаг, нийслэлийн Онцгой байдлын газар, алба хаагчдыг гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлж, сэрэмжлүүлэг, зөвлөмжийг тасралтгүй хүргэн ажиллах, иргэдийг сонор сэрэмжтэй байхад онцгой анхаарч ажиллахыг үүрэг болголоо.

Өгсөн үүрэг чиглэлийн дагуу баяр, амралтын өдрүүдэд:
-Ховд аймгийн Онцгой комиссын дэргэдэх "Шуурхай штаб"-ын бүрэлдэхүүн хуваарийн дагуу жижүүрлэн ажиллана.
-Чиг үүрэг бүхий мэргэжлийн байгууллагууд бэлтгэл, бэлэн байдлаа хангаж хариуцлагатай жижүүр томилон ажиллуулахаар тогтлоо.
-Баруун бүсийн төв-Ховд аймгийн Онцгой байдлын газар өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллахаар шийдвэрлээд байна.

Иргэд та бүхэн баяр, амралтын өдрүүдэд өөрсдийн болон ойр дотнын хүмүүсийнхээ аюулгүй байдалд анхаарах, ялангуяа бага насны хүүхдүүдийг хараа хяналтгүй орхихгүй байхыг анхааруулъя. Түүнчлэн мэргэжлийн байгууллагаас өгч буй мэдээ мэдээллийг тогтмол авч амьдралдаа ашиглахыг зөвлөж байна.
