Элэгний вирусны эсрэг эмийг 135 иргэн ууснаас одоогоор 14 иргэн вирусны идэвхижилгүй гарсан байна



Монгол улсын хүн амын өвчлөл, нас баралтын тэргүүлэх шалтгааны нэг болж буй элэгний хатуурал, элэгний хавдрын өвчлөл, нас баралтыг бууруулахийн тулд элэгний вирусийн халдварын тархалтыг хяналтанд авах зорилгоор Монгол улсын Засгийн газрын 2017 оны 4-р сарын 12-ны 112 дугаар тогтоолоор “ЭЛЭГ БҮТЭН МОНГОЛ” хөтөлбөрийг баталсан.  Тус хөтөлбөрийн хүрээнд 2017 онд 40-65 насны эрүүл мэндийн даатгалаа төлсөн бүх иргэдийг өрх, сумын эрүүл мэндийн төвд элэгний В, С вирус илрүүлэх шинжилгээнд үнэ төлбөргүй хамруулж байна. Мөн өрх, сумын эрүүл мэндийн төвд хийсэн шинжилгээгээр элэгний В, С вирусийн идэвхижил илэрсэн бол эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас итгэмжлэгдсэн лабораторуудад вирус тоолох шинжилгээнд хамруулж байгаа.


Тэгвэл Ховд аймгийн хэмжээнд хөтөлбөр хэрэгжиж эхэлснээс хойш буюу 06 сарын 05-наас 10 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар БОЭТ-ийн лабораторт  нийт 7470 иргэн элэгний вирус тоолох шинжилгээ хийлгэсэн байна. Үүнээс 2388 иргэн нь 40-65 орчим настай байжээ. Мөн элэгний В вирусын шинжилгээнд 342 иргэн, С вирусны шинжилгээнд 497 иргэн, ВС вирусны идэвхижилтийн шинжилгээнд 690 иргэн тус тус хамрагдсан байна. Вирус тогтоох шинжилгээний дүнд элэгний С вирустай 630 иргэн, В вирустай 60 иргэн байгаа нь тогтоогджээ. Эдгээр иргэдээс 135 иргэн нь аймгийн БОЭТ-ийн Дотрын тасгийн эмч Д.Отгонбаяр, Б.Уранчимэг нарт үзүүлэн нэмэлт шинжилгээ өгч, вирусны эсрэг Ледвир, Вирпас, Харвони, Ледифос гэсэн 4 төрлийн эмнээс авч гурван сарын хугацаатай хэрэглэж байна. Одоогоор элэгний вирусны эсрэг эм уусан 14 хүн дахин шинжилгээ өгч вирус идэвхижилгүй гарсан байна. 
Үүнээс гадна элэгний вирусны эсрэг эмийг итгэмжлэгдсэн эмийн сангуудаар хөнгөлөлттэй үнээр худалдаалж байна. Тухайлбал, Вансэмбэрүү эмийн сан “Ледвир” хэмээх эмийг 130 мянган төгрөгөөр, Хишигбүрэн эмийн сан “вирпас” хэмээх эмийг 130 мянган төгрөгөөр “харвони” эмийг 180 мянган төгрөгөөр, Ачит алтан хундага эмийн сан “ледифос” хэмээх эмийг 130 мянган төгрөгөөр тус тус худалдаалж байгаа юм. Мөн эрүүл мэндийн салбарын эмч, ажилчдад элэгний вирусны эсрэг Hepcinat хэмээх эмийг үнэ төлбөргүй олгож байгаа аж.


Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ