"МАН гишүүдээ сонсож байна" нээлттэй хэлэлцүүлэг хэвлэлийнхэнд "Хаалттай" болж өнгөрөв


МАН-ын хорооны тэргүүлэгчид намын гишүүдийнхээ дуу хоолойг сонсох зорилгоор "МАН гишүүдээ сонсож байна" хэлэлцүүлгийг 10-р сарын 25 ны орой ХИС-ийн хурлын танхимд зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт аймаг сумын ИТХ дахь МАН-ын бүлгийн гишүүд, намын гишүүд, дэмжигчид, намын дэргэдэх олон нийт, ТББ-ын төлөөлөгчид гээд 150 орчим хүн оролцжээ. Энэ үеэр  МАН-ын 28-р их хурлын төлөөлөгчдийг сонгох, төрийн албанд томилогдсон намын хорооны тэргүүлэгчид, гишүүдийг чөлөөлж, томилох, намын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх үүднээс намын үйл ажиллагааг идэвхжүүлэх шаардлагатай байгааг намын дарга, тэргүүлэгчиддээ анхааруулж, бас шаардсан байна.


Уг хэлэлцүүлгийг зохион байгуулсан намын хорооны тэргүүлэгчид хэвлэл мэдээллийнхэнд "Нээлттэй" гэсэн боловч намын дотоод асуудал яригдах учраас бичлэг хийх, сурвалжлах шаардлагагүй хэмээн намын дарга нь эсэргүүцэж, тэнд очсон сэтгүүлчид, хэвлэл мэдээллийнхэнийг хэлэлцүүлгийн танхимаас бараг хөөх шахам гаргажээ.  Зөвхөн дотоод асуудал л хэлэлцэх байсан юм бол яах гэж хэвлэл мэдээллийнхэнийг  дуудаж тэдэнд ажил удсан юм болоо... Зохион байгуулагчид, тэргүүлэгчид нь хэвлэл мэдээллийнхэнийг байлцуулан хэлэлцүүлгээ өрнүүлж, намын гишүүдийнхээ дуу хоолойг сонсох гэхээр намын дарга нь татгалзаж, нэг шийдэлд хүрч чадахгүй байгааг харахад  аймгийн МАН-ынханы эв нэгдэл тийм ч сайнгүй байгаа бололтой. Улс төрийн ууган хүчин, эрх баригч намын удирдлагуудад сонгуулиар ард түмэндээ амласан амлалтаа хэрэгжүүлье гэсэн зорилго, хариуцлага,  ойлголцол, ажлын уялдаа холбоо гэж байна уу? гэх асуултыг сэтгүүлчийн хувьд  үлдээмээр санагдлаа...


Юутай ч эх сурвалжийн мэдээлсэнээр энэ сарын 25 ны орой зохион байгуулагдсан "МАН гишүүдээ сонсож байна" хэлэлцүүлэгт оролцогчид намын дарга, тэргүүлэгчид, намын бодлого үйл ажиллагаатай холбоотой алдаа дутагдлаа илэн далангүй ярилцан, багагүй шүүмжлэл гаргаж улмаар намын дарга нь хэлэлцүүлгийг бүрэн дуусгалгүй орхин гарчээ. Эцэст нь МАН-ын 28-р  их хурлын дараа буюу 11-р сарын 30 ны өдөр аймгийн МАН-ын хорооны гишүүдийн хурлыг зохион байгуулахаар албан ёсоор шийдвэрлэсэн байна. 








Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ