УИХ-ын гишүүн О.Батнасан Мянгад суманд ажиллав



УИХ-ын гишүүн О.Батнасан Мянгад суманд ажиллаж иргэдийн санал бодлыг сонсон, сонирхсон асуултуудад хариулан, төр засгийн бодлого шийдвэрийг танилцуулан мэдээлэл өглөө. Мянгад сумын хувьд 2018 онд улсын төсвөөс 150 хүүхдийн цэцэрлэг баригдахаар болсон байна. Мөн тус суманд энэ жил улсын сайн малчин нэг төрлөө. Мянгад сумын хувьд малын тоогоороо сүүлийн 30 жил аймагтаа эхний 5-д явж ирсэн ч ийнхүү 35 жилийн дараа улсын аварга малчинтай болж байгаа нь энэ юм. 



Мянгад сум энэ онд 3618 хүн амтай, 926 өрхтэй, 263.973  мал өвөлжиж байгаа бөгөөд өвөлжилт хүндрэлтэй байгаа сумуудын нэгэнд орж байгаа. Одоогоор малын хорогдол 4677 хүрээд байгаа гэнэ. Иргэдийн хувьд Мянгад сумын Баянбулаг багийн нутаг Баянхар хэмээх газар ашигт малтмалын хайгуул хийж байгаа явдлыг таслан зогсоож өгөхийг хүсч байлаа. Тухайлбал, уг газар нутаг бол мянгадчуудын зуслангынбүс нутаг учраас хэрэв үүнийг ашигт малтмалын зориулалтаар ашиглавал малчид нутаггүй болж шахагдана. Тиймээс үүнийг төр засгийн зүгээс анхааралдаа авахгүй бол орон нутгийн түвшинд хүч хүрэхгүй байна гэдгийг онцлон хэлэв. Хэрэв төр засгийн зүгээс зогсоож чадахгүй бол иргэд үүнтэй хатуу тэмцэхээ мэдэгдэж байлаа.


Мөн малын өвчлөл их байгаа тул малын эрүүл мэндийг хамгаалах асуудалд онцгойлон анхаармаар байна. Гол нь ариутгал халдваргүйжүүлэлт, ванцинжуулалтыг сайн хийж,дахин өвчлөл гаргахгүйн тулд бүс нутгийн хувьд хязгаарлалт тогтоох шаардлагатай байгааг онцлов. Мөн аймгийн эрүүл мэндийн салбарын эмч мэргэжилтнүүдийн чадвар, чадавхийг сайжруулах,оношилгооны асуудлыг орон нутагтаа бүрэн төгс хийж чаддаг чадварлаг эмч мэргэжилтэн, тоног төхөөрөмжийн дутагдалтай асуудлыг анхааралдаа авч шийдвэрлэх шаардлагатай байгааг илэрхийлж байна. Түүнээс гадна багш, эмч нарын цалин нэмэхийг хүсч байлаа. 



Эрдэнэбүрэнгийн Усан цахилгаан станц нь байгаль орчин талаасаа сөрөг нөлөөтэй байх өндөр магадлалтайг хэлж байв. Тиймээс энэхүү байгаль орчны тал дээр сөрөг нөлөөлөлтэй эсэхийг сайн судлах шаардлагатай шүү гэдгийг анхааруулав. Энэ асуудалд УИХ-ын О.Батнасантус усан цахилгаан станцын үр нөлөөг шинжлэх ухаан талаас нь сайн судалж байж шийдвэр гаргаж, төслийг явуулах эсэхийг шийдвэрлэнэ. Хэрэв байгаль орчинд сөрөг нөлөөлөлгүй гэвэл шийдвэрлүүлэх тал дээр онцгойлон анхаарч ажиллахаа мэдэгдлээ гэж УИХ-ын гишүүн О.Батнасангийн ажлын албанаас мэдээллээ.

 

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ