С.Бямбацогт, Ж.Батзандан багш, эмч, цагдаа нарын цалингийн асуудлаар асуулга тавив

Image result for С.Бямбацогт, Ж.Батзандан  багш, эмч, цагдаа нарын цалингийн асуудлаар асуулга тавив

УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Ж.Батзандан нар багш, эмч, цагдаа нарын цалинг нэмэх асуудлаар Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд асуулга тавьсан байна. Тэд асуулгадаа “... Улс орны хөгжил дэвшилд хүн амын боловсрол, эрүүл мэнд, амар тайван аюулгүй  байдал чухал үүрэгтэй билээ...” гээд Монгол Улсын Засгийн газрын Үйл ажиллагааны хөтөлбөрт "...иргэн бүр эрүүл, боловсролтой, ажилтай, орлоготой байх нөхцөл бүрдүүлэхэд бүх талаар анхаарч...." тусгасан бөгөөд энэ хүрээнд тэтгэвэр, тэтгэмж, цалинг үе шаттай нэмэгдүүлэхээр тусгасан. Тиймээс энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэх, эрүүл мэнд боловсролын салбар, цагдаагийн байгууллагын үйлчилгээг шинэ шатанд гаргахын тулд эмч, багш, цагдаа нарын цалин хөлсийг нэмэгдүүлэх, тэдгээрийн нийгмийн хамгааллын асуудлыг сайжруулах шаардлага зүй ёсоор тулгарч байгааг тодотгосон байна. Тэд эрдэм боловсролтой, эрүүл монгол хүнийг бэлтгэх, хүн ардынхаа амар тайван аюулгүй байдлыг хамгаалахад нэгэн насны амьдралаа зориулан хоёргүй сэтгэлээр зүтгэж буй багш, эмч, цагдаа нараа дэмжих нь монгол төрийн үүрэг гэдгийг онцолсон юм. Түүнчлэн 2014 оноос хойш эмч, эмнэлгийн ажилтнуудын цалин нэг ч төгрөгөөр нэмэгдээгүй, багш, эмч, цагдаа нарын цалин хөлс өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтөд гүйцэгдэж, тэдний худалдан авах чадвар жилээс жилд муудаж, үүнээс улбаалан сүүлийн үед мэргэжлийн өндөр ур чадвартай олон боловсон хүчин гадаадад гарч хүний нутагт хүнд хөдөлмөр эрхлэх явдал нэмэгдэж байгааг асуулгадаа дурджээ. Иймээс монгол хүний эрдэм боловсролын хөтөч, эрүүл жаргалтай, амар амгалан амьдралын манаач болсон багш, эмч, цагдаа  нарыг тогтвор суурьшилтай ажиллуулах үүднээс тэдний цалин хөлсийг нэмэгдүүлэх, ур чадвар, ачаалалд нь тохирсон урамшууллын шударга тогтолцоо бий болгох шаардлагатай хэмээн эрхэм гишүүд үзсэн байна. Тэд асуулгадаа багш, нийгмийн ажилтан, эмч сувилагч, цагдаагийн алба хаагчдын сард авч буй дундаж цалин хөлс яг ямар хэмжээнд буй талаар тодорхой тоон мэдээлэл ирүүлэхийг Засгийн газрын тэргүүнээс хүсчээ. Мөн хөдөө орон нутаг, тэр дундаа алслагдсан бүсэд ажиллаж буй эмч, багш, цагдаа нарт бүсийн нэмэгдэл, ур чадварт нь нийцсэн урамшуулал олгох чиглэлээр Засгийн газраас баримталж буй бодлого болон багш, эмч, цагдаа нарын цалин хөлсийг нэмэгдүүлэх талаар ямар тооцоо судалгаа хийсэн, хэдийнээс цалин хөлсийг нэмэгдүүлэх бодит боломж буй болох талаар асуужээ. Гишүүд асуулгын хариуг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд ойрын үед танилцуулахыг хүссэн байна.





Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ