Сурагчдын Англи хэлний мэдлэгийг сайжруулах нэн шаардлагатай байна



УИХ-ын гишүүн О.Батнасангийн ажлын албанаас санаачлан 2 сарын 18-19-ны өдрүүдэд Ховд аймгийн болон Булган сумын Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад гадаадын их дээд сургуульд тэтгэлэгтэй суралцахад хэрхэн бэлтгэх талаар болон Тайваны зарим их сургуулийн тэтгэлэгт хамрагдах боломжуудын талаарх мэдээллийг хүргэлээ. 
Сурагчдын Англи хэлний мэдлэг хангалтгүй байгаагийн улмаас гадаадын их дээд сургуулийн тэтгэлэгт хөтөлбөрт төдийлөн хамрагдаж чадахгүй байна. Тиймээс цаашид хаа хаанаа энэ тал дээр анхаарч ажиллах шаардлагатай байгааг УИХ-ын гишүүн О.Батнасангийн зөвлөх Л.Бадамцэцэг Ховд аймагт ажиллах үеэрээ онцолж байлаа. Тэрээр “алслагдсан бүс нутагт оршин сууж байгаа гэдэг утгаараа сурагчид боловсролын үйлчилгээг чанартай хүртэж чадахгүй байгаа явдал орон нутагт их ажиглагдаж байна. Өөрөөр хэлбэл, хотын сургуулийн сурагчидтай харьцуулахад манай аймгийн сурагчид гадаадын тэтгэлэгт хөтөлбөрүүдэд хамрагдах, хэлний шалгалтуудад оролцох нөхцөл боломж хангалтгүй байна. Тиймээс бид энэ асуудалд анхаарч цаашид зорилтот хөтөлбөр хэрэгжүүлж ажиллах болно” гэдгийг онцлов. 
Гадаадын их дээд сургуулийн тэтгэлэгүүд ТОEFl, IELTS-ийн шалгалтуудын босго оноог давсан байхыг шаарддаг. Тодруулбал, дээрх сургалтын хүрээнд танилцуулж мэдээлэл хүргэсэн Тайваны нэр бүхий дөрвөн их сургууль нь дээрх шалгалтуудаас гадна TOEC-ийн шалгалтын оноог хүлээн зөвшөөрдөг гэдгээрээ давуу талтай юм. ТОЕС-ийн шалгалт нь Улаанбаатар хотын Сантис сургалтын төв дээр авагддаг бөгөөд шалгалтын үнэ, хураамжийн хувьд ч гэсэн харьцангуй хямд байдаг байна. 
Тайваны сургуулиудын тэтгэлэгт хөтөлбөрийн бүртгэл ирэх 3 сарын 15-нд дуусах бөгөөд хөтөлбөрт хамрагдах сурагчид Англи, Хятад хэлний шалгалтанд орж тэнцсэн байх шаардлагатай. Тиймээс Тайваны сургуульд элсэхэд Англи хэлний шалгуурийн хувьд хамгийн боломжит хувилбар бол ТОЕС-ийн шалгалт юм. 
10, 11-р ангийн сурагчдын хувьд дараа дараагийн жилүүдэд хүссэн сургуулиа сонгох хугацаа байгаа учраас эртнээс бэлтгэх нь зүйтэй юм. Ингэснээр гадаадын аль ч их дээр сургуульд суралцах боломж байдаг гэдгийг сургалтыг зохион байгуулагчдын зүгээс зөвлөж байна.



Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ