0-3 насны хүүхдийн зуны чийрэгжүүлэлтийн сувилал ажиллаж байна



Ховд аймгийн Жаргалант суманд 0-3 насны хүүхдийг  чийрэгжүүлэх  зуны  сувилал ажиллаж байна. Энэ сувилал 7-10 хоногийн  хугацаанд  үргэлжилнэ. Бага насны хүүхдийн бие бялдрыг эрүүлжүүлэх, аливаа  өвчнөөс урьдчилан сэргийлэх, эцэг эхчүүдийг  хүүхдээ асрах  эрүүл зан үйлд сургах  зорилтын хүрээнд  Жаргалант сумын ЗДТГ, Өрхийн ЭМТ-үүд хамтран  хүүхдийн зуны сувиллын үйл ажиллагааг  долоо дахь жилдээ амжилттай зохион байгуулж байгаа нь энэ юм.  Тус сувиллын хүрээнд  энэ сарын 24-ний өдөр  Буянт голын эрэг дагуу ногоон зүлгэн дээр дөрвөн гэр барин ажиллуулж эхэлжээ.



Ингэхдээ Жаргалант сумын Рашаант, Буянт, Бугат, Жаргалан багийн өрхийн ЭМТ-ийн эмч, сувилагч нарын баг хүүхдүүдийн дунд судалгаа явуулсан. Үүний үр дүнд  уураг илчлэгийн дутагдалтай,  цус багадалттай,  хөгжлийн бэрхшээлтэй,  амьжиргааны түвшин доогуур айл өрхийн  120 гаруй  хүүхэд  энэ  зуны  чийрэгжүүлэлтийн сувилалд  хамрагдаж байна. Энэ үеэр  өрхийн ЭМТ-ийн эмч, сувилагч нар эцэг, эхчүүдтэй хамтран хүүхдийг  нарны илчинд шар сүүгээр угааж,  тараг, сүү, бантан зэрэг эмчилгээний хүнсээр хооллож байна.  Мөн эмийн бус эмчилгээ буюу хүүхдэд иллэг, массаж хийх аргачлалыг эцэг  эхчүүдэд  зааж сургаж байгаа юм. Үүнээс гадна хүүхдийн хооллолт, асаргаа сувилгаа, наршилт, гэдэсний халдвар, осол гэмтлээс сэргийлэх талаар  эмч нар сургалт  мэдээлэл хийж байна.






Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ