Баруун бүсийн аймгуудын НӨУБ-ын сонгуультан, ажилтнуудын сургалт-зөвлөгөөн эхэллээ



“Баруун бүсийн аймгуудын НӨУБ-ын сонгуультан, ажилтнуудын сургалт-зөвлөгөөн”
-ыг Ховд аймагт зохион байгуулж байна.  Нутгийн өөрөө удирдах байгууллага буюу ИТХ-ын байгууллагууд харилцан туршлага солилцох, уялдаа холбоотой ажиллах, цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлэхэд энэхүү  сургалт-зөвлөгөөний зорилго чиглэж буй. 



Сургалт-зөвлөгөөнд Ховд, Говь-Алтай, Завхан, Увс, Баян-Өлгий аймгийн ИТХ-ын удирдах ажилтан, төлөөлөгч, холбогдох мэргэжилтнүүд болон Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол Улсын Төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь” төсөл, Монголын Нутгийн удирдлагын холбооны төлөөлөл 120 орчим хүн оролцож байна.



Сургалт-зөвлөгөөний нээлтийн үйл ажиллагаанд аймгийн удирдах ажилтнууд оролцож, Ховд аймгийн нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдал, хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлын явц, цаашдын зорилго, зорилтын талаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр Ховд аймаг бүс нутагтаа эдийн засгийн өсөлт, хүний хөгжлөөр тэргүүлэхийг зорьж байгаа. Энэ зорилтыг хэрэгжүүлэхэд бүсчилсэн хөгжлийн бодлогын асуудал чухал үүрэгтэй хэмээн Ховд аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди хэлсэн үгэндээ онцоллоо.



Харин Засаг дарга, Баруун бүсийн зөвлөлийн дарга Б.Дүгэржав хэлэхдээ цаашид эрүүл мэндийн үйлчилгээний чанар хүртээмжийг дээшлүүлэх, өсвөр үеийн хүүхэд, залуучуудын сурч боловсрох боломжийг өргөжүүлэх, тэдний мэдлэг, ур чадварыг сайжруулах замаар хүний хөгжил, бүсийн хөгжлийн төлөө хамтдаа нэгдэн ажиллахыг уриалсан юм. 



Энэ удаагийн сургалт-зөвлөгөөний хүрээнд Монгол Улсын Их хурал, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Швейцарийн хөгжлийн агентлагийн хамтран хэрэгжүүлж буй “Монгол Улсын Төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь” төслийн явц, үр дүнгийн талаар дүгнэн ярилцана. Үүнээс гадна Ховд, Говь-Алтай, Завхан, Увс, Баян-Өлгий аймгийн ИТХ тус бүр үйл ажиллагааныхаа зорилт, үр дүн, сайн туршлагаас хуваалцаж, харилцан санал солилцож байна. Баруун бүсийн аймгуудын НӨУБ-ын сонгуультан, ажилтнуудын сургалт 09-р сарын 16 хүртэл үргэлжлэх бөгөөд энэ хугацаанд бүсийн аймгуудын НӨУБ-ын сонгуультан, ажилтнуудын урлаг, спортын наадам болно.

ВИДЕО:










Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ