Ховд аймгийн Мянгад, Дөргөн суманд өвөлжилт өнөтэй болж байна

 Image may contain: 5 people, people sitting

Ховд аймгийн ИТХ, аймгийн Засаг даргын үйл ажиллагааны 2019 оны ажлын тайланг танилцуулах, сумдын өвөлжилтийн байдалтай газар дээр нь танилцах, сум орон нутгийн өнгөрсөн онд хэрэгжүүлсэн ажилд үнэлэлт, дүгнэлт өгөх, иргэдийн санал хүсэлтийг сонсох зорилгоор аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвгандиар ахлуулсан ажлын хэсэг Мянгад, Дөргөн суманд ажиллалаа. Ажлын хэсэг Мянгад сумын Баянхошуу багийн нутаг "Муруй тохой" гэх газар өвөлжиж байгаа залуу малчин Л.Рэнцэнпүрэв, Дөргөн сумын Агваш багийн нутаг "Чаргатын улаан уст" гэх газар өвөлжиж буй малчин Л.Халтархүү, Р.Цулцаг нарын гэрээр зочилж, өвөлжилт, хаваржилтын төлөв байдлын тухай ярилцав.  Тус сумдад өвөлжилт өнөтэй сайхан болж байгаа тул малчдын сэтгэл тэнэгэр сайхан байна. 



Мянгад сумын Баян-хошуу багийн малчин Л.Рэнцэнпүрэвийнх сумынхаа төвөөс 10 орчим км зайд "Муруй тохой" гэх газар өвөлжиж байна. Малчин Л.Рэнцэнпүрэв 1987 оноос эхлэн мал маллаж байгаа бөгөөд эднийх өдгөө 800 гаруй малтай. Энэ нутгаар цахилдаг, боронго, шарилж, харгана гэх мэт өвс ургамал элбэг ургадаг. Одоогоор цаг агаарын төлөв байдал хэвийн, өвөл өнөтэй сайхан байгаа тухай ярьж байв. Тэрбээр энэ жил 7-8 очим машин өвс бэлтгэсэн бөгөөд бэлчээрийн нөөц 10 га талбайг хамгаалсан. Цаашид үхрийн ферм бий болгохоор зорьж байна гэлээ. 



Дөргөн сумын Агваш багийн нутаг "Чаргатын улаан уст" гэх газар өвөлжиж байгаа малчин Л.Халтархүү нь 40 гаруй жил мал маллаж байгаа бөгөөд өдгөө 700 гаруй малтай. Энэ жил өвстэй, унд устай тэгш сайхан өвөлжиж байна. Ирэх хавар салхи шуурга багатай бол малчдад тулгамдах асуудал байхгүй, болдог л юм. Миний хувьд нүүдэлчин ахуй амьдралд бага наснаас дассан учраас мал маллахаас төвөгшөөдөггүй. Байгаль дэлхий хур бороотой, өвс ургамал элбэг, цаг агаар тогтуун байхад амьдралд мал маллах шиг сайхан зүйл байхгүй гэж боддог. Залуу малчдад зөвлөхөд, малаа гэсэн чин сэтгэлтэй байх ёстой. Ямар нэгэн ган, зуд болоход шантарч, туульширч болохгүй. Тэмцэх л хэрэгтэй. Тэмцэж байж л хүн амьдарна шүү дээ. Байгаль дэлхий аажимаар мөхөж, доройтож байна. Хамгийн гол нь малын тоог өсгөх биш чанартай болгоход  анхаарах ёстой гэж бодож байна гэв.



Харин Дөргөн сумын Агваш багийн малчин Р.Цулцаг хэлэхдээ: Би 1995 оноос эхлэн мал маллаж байна. Манайх 1000 орчим малтай. Малчдад нийгмийн халамжийн асуудал нэлээд чухал. Нийгмийн даатгалын шимтгэлийг бууруулах, эрүүл мэндийн үйлчилгээг хүртээмжтэй, чанартай болгоход төрөөс анхаараасай гэж боддог. Өнгөрсөн зун хур бороо орж, өвс ургамал сайхан ургасан. Одоо цас багатай, дулаан байгаа учраас өвөл тарган байна. Өнгөрсөн жил өдийд хээр талын өвс ховордоод нуурын зэгэс рүүгээ орж байлаа. Энэ өвөл харин сайхан байна. Малын хэвтэр бууц хөлдөх зэрэг асуудал байна. Энэ бол хүндрэл биш, зүгээр л өвлийн шинж. Үүнээс хойш цас орсон ч даван туулах боломжтой гэж бодож байна гэлээ.  

ВИДЕО:










Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ