Б.Зоригт: Үенч сумын нутгаас найман сум илрүүлж, аюулгүй болгосон



Ховд аймгийн Үенч сумын Улиастай багийн нутаг “Улаан дав” гэх газарт байлдааны зориулалт бүхий зэвэрч, гандсан найман ширхэг сум байсныг илрүүлж, мэргэжлийн байгууллагууд аюулгүй болгожээ.
Тус газарт байсан тэсэрч дэлбэрч болзошгүй биетийг анх Ховд аймаг дахь Цагдаагийн газрын харьяа Булган сум дахь сум дундын цагдаагийн хэлтсийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч Б.Зоригт илрүүлсэн байна. Түүнтэй цөөн хором ярилцлаа.
-Та тэсэрч дэлбэрч болзошгүй биетийг хэрхэн илрүүлсэн тухай хуваалцана уу?
 -Үенч сумын Улиастай багийн нутаг “Улаан дав” гэх газар нь Ховд аймгийн Булган сумын төвөөс зүүн зүгт 18 км зайд оршдог. Тус газарт 1940 оны үед цэргийн морьт хороо байрлаж байсан. Дайн байлдаан болсон гэж нутгийн иргэд ярьж байхыг сонссон. Миний хувьд зургаадугаар сарын 01-ний өдөр албан үүргээ гүйцэтгэж яваад тэсэрч, дэлбэрч магадгүй сум хэлбэртэй хоёр зүйл байгааг илрүүлсэн. 
-Цагдаагийн байгууллагаас ямар төрлийн шуурхай арга хэмжээ авч ажилласан вэ?
 -Булган сум дахь сум дундын цагдаагийн хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Т.Ганбатаар ахлуулсан ажлын хэсэг тус газрыг хамгаалалтад авсан. Нийт 2000 мкв талбайд хамгаалалтын бүс тогтоож ажилласан. Энэ үеэр бид байлдааны зориулалт бүхий зэвэрч, гандсан нэг ширхэг сум хэлбэртэй зүйл газрын хөрсөнд ил гарсан байдалтай байсныг дахин илрүүлсэн юм. Тухайн үед алба хаагчийн аюулгүй байдлыг хангах, болзошгүй эрсдэлээс сэргийлэх зорилгоор бид сумнаас хамгаалах хантааз, дуулга ашигласан.
Мөн Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн тусгай бүлэг зургаадугаар сарын 01-ний өдрийн 20:30 цагт тус газарт ирж, самналт хийсэн. Улмаар 82 мм-ийн минёмотны таван ширхэг сум илрүүлж, дөрвөн удаа тэсэлгээ хийж, нийт найман сумыг устгалд оруулж, аюулгүй болголоо. 
-Үенч сумын Улиастай багийн нутаг “Улаан дав” гэх газраас тэсэрч, дэлбэрч болзошгүй биет өмнө нь илэрч байсан уу?
 -Тиймээ 18 жилийн өмнө миний авга ах, малчин Ц.Гантулга мал хариулж яваад галт зэвсэг олсон гэдэг. Тухайн үед 16 настай хүүхэд байсан учир сонирхож чулуунд цохиж үзсэн. Улмаар дэлбэрэлт үүсч гар, хөл, толгойдоо хүнд гэмтэл авч, хөгжлийн бэрхшээлтэй болсон харамсалтай тохиолдол бий. Мөн 2 жилийн өмнө нутгийн малчин зэвсэг хэрэглэл олж, буруу харьцсаны улмаас дэлбэрч гэмтэл авч байсан гэдэг. Байлдааны зориулалт бүхий тэсэрч, дэлбэрч болзошгүй биет нь хүний амь нас, эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлдэг. Цагдаагийн газрын алба хаагчид байлдааны тэсэрч дэлбэрэх сум, галт хэрэгсэл олдсон гэх хэргийн мөрдөн шалгах ажиллагааг Эрүүгийн хэргийн хянан шийдвэрлэх хуульд заасны дагуу явуулдаг. Мөн иргэд олон нийтийн аюулгүй байдлыг хангах, урьдчилан сэргийлэх зорилгоор мэргэжлийн алба хаагч нартай хамтран цэргийн анги, нэгтгэлүүд өмнө нь байрлаж байсан, байлдааны хээрийн сургууль явуулсан газарт хайгуулын арга хэмжээ зохион байгуулдаг.
Мэргэжлийн байгууллагын алба хаагчид хууль дүрэм, стандартын дагуу сум, галт хэрэгслийг аюулгүй болгох үүрэгтэй. Тиймээс иргэд тэсэрч дэлбэрэх сум, галт хэрэгсэл олдсон тохиолдолд болзошгүй эрсдэлээс сэргийлж, мэргэжлийн байгууллагуудад шуурхай мэдэгдэж байх хэрэгтэй.
-Та цагдаагийн байгууллагад хэд дэх жилдээ ажиллаж байна вэ?, Яагаад цагдаа мэргэжлийг сонгов…?
 -Би цагдаагийн байгууллагад хоёр дахь жилдээ ажиллаж байна. Хүүхэд насандаа цагдаа болно гэж боддог байсан. Ингээд цагдаагийн албанд орж, хүүхэд насны мөрөөдлөө биелүүлсэн гэж хэлж болно. Миний ээж С.Мөнхбаяр нь цагдаагийн байгууллагад 23 жил ажиллаж байгаа. Тэр бол миний бахархал. Энэ мэргэжлийг сонгоход нөлөөлсөн гол хүн юм. Цагдаа хүний амьдралд чөлөөт цаг бага хэдий ч би мэргэжилдээ дуртай. Хүнд хэцүү зүйл гарах үе байдаг. Тэр болгонд шантрахгүйгээр өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж ажиллах ёстой гэж өөрийгөө зоригжуулдаг юм. Мөн бидний ажлын амжилтад хамт олны эв нэгдэл, хамтын хүч хөдөлмөр чухал үүрэгтэй гэж боддог. 
-Ярилцсанд баярлалаа. 







Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ