Ховд аймгийн ИТХ-ын 3 дугаар хуралдаан “ЦАХИМ” хэлбэрээр явагдаж өндөрлөлөө



Аймгийн ИТХ-ын 3 дугаар хуралдаанаар 2019 оны төсвийн гүйцэтгэл, 2020 оны батлагдсан төсвийн хэрэгжилтийн урьдчилсан дүн, аймгийн 2021 оны төсвийн төслийн тухай Засаг дарга Б.Дүгэржавын илтгэл, 2021 оны төсвийн төсөлд болон төсвийн үр ашгийг дээшлүүлэх, орлого нэмэгдүүлэх талаар Төрийн Аудитын газраас өгөх саналын тухай Төрийн аудитын газрын дарга, Тэргүүлэх аудитор Х.Болдбаатарын илтгэлийг тус тус сонсон хэлэлцлээ. 
Хэлэлцсэн асуудлуудтай холбогдуулан төлөөлөгчид сонирхсон асуултаа асууж тодруулан холбогдох албаны төлөөллөөс хариултаа авлаа. Мөн аймгийн ИТХ дахь намын бүлгүүдийн дүгнэлтийг сонсож төлөөлөгчдөөс гаргасан зөрүүтэй асуудал дээр санал хураалт явуулж тогтоолын төсөлд тусган 2021 оны төсвөө баталлаа.
2021 оны төсөв нь цар тахлыг даван туулахад чиглэсэн тухайлбал, ажлын байр нэмэгдүүлэх, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих, эм, эмнэлгийн хэрэгсэл болон шаардлагатай тохиолдолд хүнсний гол нэрийн бараа бүтээгдэхүүний хангамж, нөөцийг бүрдүүлэх, дэд бүтэц, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зэрэгт зарцуулахаар ангилал тус бүрээр тооцоолсон байна.



Мөн аймгийн ИТХ-ын 3 дугаар хуралдааны хүрээнд “Аймгийн Газар зохион байгуулалтын 2020 оны төлөвлөгөөний биелэлт, 2021 оны төлөвлөгөөний төслийн тухай” асуудлыг хэлэлцэж, төлөөлөгчдийн саналыг тусган баталлаа.  
Ховд аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас 2020 онд нийт 58319 га газрыг эзэмшүүлэх, өмчлүүлэх, нөхөн сэргээх, орон нутгийн тусгай хамгаалалтад авах ажлыг зохион байгуулжээ. Тэгвэл 2021 онд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар шинээр өмчлүүлэх, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад дуудлага худалдаагаар эзэмшүүлэх зэрэг хэд хэдэн төрөл, зориулалтаар тодорхой байршил дахь, зохих хэмжээ бүхий нийт 12 мянга орчим га газарт шинээр төлөвлөлт хийх, эзэмшүүлэх, өмчлүүлэх, нөхөн сэргээх, орон нутгийн тусгай хамгаалалтад авахаар тусгасан байна. 
Төлөөлөгчдийн саналыг сонсож зарим асуудалд санал хураан тогтоолын төслийг баталлаа. Хуралдааны үеэр аймгийн Газар зохион байгуулалтын 2021 оны төлөвлөгөөгөөр батлагдсан газруудыг нийтэд сурталчилж, хэрэгжилтийг хангах, удирдлага зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахыг салбарын холбогдох удирдлагуудад үүрэг болголоо.



Хуралдааныг хааж аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди үг хэлэв. Тэрбээр:Аймгийн ИТХ-ын 3 дугаар хуралдаан өмнөө тавьсан зорилтоо хэрэгжүүлж, ирэх оны аймаг орон нутгийн нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх бодлогын чанартай хөрөнгө оруулалт, төсөв, хөтөлбөр, нутаг дэвсгэрийн хэмжээнд баримтлах газар зохион байгуулалтын төлөвлөгөөг оюун ухаанаа уралдуулан тал бүрээс нь хэлэлцэн баталсан чухал шйидвэрүүдийг гаргалаа. Аймаг орон нутгийнхаа, эдийн засаг, нийгмийн хөгжлийн зорилтуудаа хангаж, оны ажлаа нэгтгэн дүгнэх, тайлагнах, мал аж ахуйн өвөлжилт, хаваржилтад бэлтгэх өвлийн өнтэй давах зэрэг цаг үеийн олон ажил хүлээж байгааг онцлоод хуралдааныг өндөрлөлөө. 

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ