6-12 САРТАЙ ХҮҮХДИЙН ХООЛЛОЛТ

No description available.

6-12 САРТАЙ ХҮҮХДИЙН ХООЛЛОЛТ

6-12 сартай хүүхдийн хувьд эх, хүүхдийг хүссэн цагт нь үргэлжлүүлэн хөхүүлэх нь чухал. Гэхдээ 6 сараас хойш эхийн хөхний сүү дангаараа хүүдийн хоолны хэрэгцээг бүрэн хангаж чадахгүй. Энэ насны хүүхдийн хоолыг 4 аргаар өгдөг. 
1. Эхийн хөхний сүүгээр хооллох - хүссэн цагт нь үргэлжлүүлэн хөхүүлэх 
2. Зохиомол аргаар хооллох /угжаар/ - хүүхдэд эхийн сүүг орлож үхэр, ямаа зэргийн сүү, сүүн холитогоор хооллохыг хэлнэ
3. Холимог аргаар хооллох – хүүхдийг эхийн сүү болон сүүн холимогоор хооллохыг хэлнэ
4. Нэмэгдэл хоол – Хоолныхоо шим тэжээллэг чанарыг нэмэгдүүлэхийн тулд аль болох олон нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүн оролцуулан бэлтгэснийг чанартай нэмэгдэл хоол гэнэ. 
Тэгэхээр 6 сартайгаас эхлээд хөхүүлэхийн зэрэгцээ хүүхдэд нэмэгдлээр өгч байгаа бантан, зутан, каша, тараг, ногооны нухаш зэргийг нэмэгдэл хоол гэнэ. 

Нэмэгдэл хоол нь дараах шаардлагыг хангасан байна: 
1. Тохирсон – хүүхдийн шүд ургаагүй, зажлах чадваргүй үед шингэн, хагас зутан, нухаш хэлбэрээр өгөх, харин хүүхдийн шүд ургаж, хоол боловсруулах чадвар нэмэгдэхийн хэрээр хоолыг жижиглэн хэрчсэн байна.
2. Зохимжтой – хоолны найрлагад байх уураг, өөх тос, нүүрс ус, амин дэм, эрдэс бодис өөр хоорондоо зохистой харьцаагаар агуулагдах ба олон нэр төрлийн байх
3. Тэжээллэг – Хүүхдийн бие махбодийн өсөлт хөгжилд чухал ач холбогдолтой амин дэм, эрдэс, уураг, амин хүчил, ургамлын гаралтай өөх тосоор баялаг байх
4. Хэмжээний хувьд хангалттай – нэг удаа идэх болон хоногт авах хоолны хэмжээ нь хүүхдийн нас биеийн онцлогт тохирсон байх
5. Аюулгүй – хүүхдийн нэмэгдэл хоолыг шинэ, муудаагүй, баталгаатай хүнсний бүтээгдэхүүнээр ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлага хангасан орчинд бэлтгэсэн байх.

Нэмэгдэл хоолыг өгөхдөө дараах зарчмыг баримтална:
1. Нэмэгдэл хоолыг хөхүүлэхийн өмнө өгнө
2. Нэг нэр төрлийн хоолонд дасгасны дараа дараагийн нэмэгдэл хоолыг өгнө
3. Нэмэгдэл хоолыг бага багаар дасгаж өгөх, эхлээд залгихад хялбар шингэн хоол, ажмаар өтгөн, бүхэл хоолонд оруулах
4. Аль болох халбагаар өгөх
5. Шинээр бэлтгэж өгөх
Мариа ихтэй хүүхдэд аарц, ногооны нухаш, мариа багатай, цус бага, сульдаатай бол төмс, ногооны нухаш, хүүхдийн будааны сүүн агшаамал, өндөг зэргээс эхлэн нэмэгдэл хоолонд оруулна. 

Хүүхдийг идэвхтэй хооллоход анхаарах зүйлс: 
- Хүүхдийг хоолоо идэх үед нь аяга, халбагыг нь аль болох өөрөөр нь бариулж сургах
- Хүүхдийг ятгаж, урамшуулж хооллох
- Хүүхдийг хооллох үед асран хамгаалагч заавал урамшуулан тусалж дэмжиж, хоол идэх дур сонирхлыг нь нэмэгдүүлэх
- Хүүхдийг хүүхдээр хооллуулах буюу өөрийг нь бие даан дангаар хооллох үед асран хамгаалагч заавал хамт байж, тусалж хянах
- Хүүхдэд хооллоход нь тохирсон жижиг аяга халбага, сандал ширээг бэлтгэж өгөх хэрэгтэй. 

БОЭТ-ийн Хүүхдийн тасгийн ахлах сувилагч Н.Цэнд-Аюуш, сувилагч Д.Мөнхгэрэл 

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ