“Хүй долоон худаг”-т болсон чансаа өндөр 512 бөхийн барилдааныг Ховдын бөхчүүд өнгөллөө



Монгол улсад Залуучуудын байгууллага үүссэний 100 жил, Монголын үндэсний бөхийн холбооны 30 жил, Монгол бөхийг дэлхийн дээд амжилт Гинесст бүртгүүлсний 10 жилийн ойд зориулсан хүчит 512 бөхийн барилдаан энэ оны 08 дугаар сарын 16-17-ны өдрүүдэд “Хүй долоон худаг”-т боллоо. Тус барилдаанд Зэрэг сумын харьяат, Монгол Улсын харцага Баярхүүгийн Бат-Өлзий 9 даван түрүүлэв. 



АХ-ын 100 жилийн ойн хүрээнд зохион байгуулсан тус барилдаанд Ховд аймгаас /Ховд бөхийн дэвжээ/ улс, аймгийн цолтой 14 бөх зодоглолоо. Тэдгээрээс Мөст сумын харьяат, аймгийн арслан Ц.Адъяа, Буянт сумын харьяат аймгийн арслан Н.Батсайхан, Үенч сумын харьяат, аймгийн заан Б.Уртнасан нар 6 давж дунд шөвгийн 8-д шалгарсан ба давааны амжилтын "БАТЛАМЖ"-аа гардан авлаа.

Энэ жил зохион байгуулсан чансаа өндөр, Улсын баяр наадмын бөхийн барилдаантай дүйцэхүйц хэмжээний анхны томоохон бөхийн барилдаанд Ховд нутгийн бөхчүүд хүчтэй бяртай байж уран хурц барилдаанаараа нутгийн олноо баярлуулав.

Тус барилдаанд шөвгөрсөн бөхчүүдэд улсын цол, чимэг олгох эсэх асуудал үзэгч түмэн, бөх сонирхогчдын анхаарлыг татаж буй юм. Энэ талаар зохион байгуулагчдаас тодруулахад “Цол олгох тухайд Улсын онцгой комисс, Баяр наадмын комиссын шийдвэрийг УИХ-ын намрын чуулганаар хэлэлцэнэ. Ямар ч байсан допингийн шинжилгээ, зохион байгуулалтын бусад асуудалд дүгнэлт хийгээд, түрүүлж үзүүрлэсэн болон шөвгөрсөн бөхчүүдийн нэрсийг Ерөнхийлөгчид өргөн барина” гэлээ.



Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ