Ахмадын волейболын аймгийн аварга шалгаруулах 2021 оны тэмцээн ВСМ ахмад тамирчин Д.Таванцэрэгийн нэрэмжит болж байна



Аймгийн БТСГ, Волейболын холбоо, Дуут сумын ИТХ, ЗДТГ хамтран энэ сарын 12-14-ний өдрүүдэд "Ахмадын волейболын аймгийн аварга шалгаруулах 2021 оны тэмцээн"-ийг Дуут суманд амжилттай зохион байгуулж байна. 2000 оноос хойш жил бүр уламжлал болгон зохион байгуулж буй уг тэмцээнийг энэ жил Монгол Улсын Волейболын спортын мастер, ахмад тамирчин Дамдины Таванцэрэгийн нэрэмжит болгон түүний төрсөн нутагт явуулж байгаа юм. Волейболын спортыг олон нийтэд сурталчилан таниулах, хөгжүүлэх, ахмад тамирчдыг алдаршуулах, уран гоё тоглолтыг нь залуу хойч үед өвлүүлэх, иргэд олон нийтийг өргөнөөр хичээллүүлэх зорилготой уг тэмцээнд  19 багийн 160 гаруй тамирчид эрэгтэй 40-49 нас, 50-с дээш нас, эмэгтэй 35-44 нас, 45-с дээш гэсэн 4 насны ангилалд хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж байна.



Волейболын спортын мастер Д.Таванцэрэгийн Биеийн тамир спортыг хөгжүүлэх үйлст оруулсан хувь нэмрийг нь үнэлж БТСГ-ын хүндэт тэмдэг, МҮОХ-ны олимпын алдар одон медалиар шагнасныг нээлтийн үйл ажиллагааны үеэр гардуулан өгч баяр хүргэв.



Тэрбээр 8-р ангиасаа Ховд аймгийн нэгдүгээр арван жилийн Биеийн тамирын багш н.Базар, н.Даахүү нарын удирдлага дор волейболын спортоор хичээллэж эхэлжээ. Улмаар 1979 оны пионер сурагчдын волейболын Улсын аварга шалгаруулах тэмцээнд багаараа мөнгөн медаль хүртсэн амжилт үзүүлсэн тэр цагаас хойш улс, аймаг, бүсийн чанартай уралдаан тэмцээнүүдэд оролцож, волйеболын спортод өөрийн хувь нэмрээ оруулж ирсэн түүхэн амжилттай ахмад тамирчдын нэг юм. Тэрбээр 2000 онд Спортын мастер цол хүртэж байжээ. 

Энэ удаагийн тэмцээнд ОУХМ 2, Спортын мастер болон дэд мастер цолтой 18 тамирчин оролцож байна. Насны ангилал тус бүрд тухайн багт 60-аас дээш насны нэг тоглогч байх ба хамгийн ахмад нь 65 настай тоглогч оролцож байна. 

ВИДЕО:

 






Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ